Skip to content

Есүсийг яагаад Бурхны Хүү гэдэг вэ?

Есүсийг яагаад Бурхны Хүү гэдэг вэ?

Библид юу гэж байдаг вэ?

 Библид Есүсийг «Бурхны Хүү» гэсэн байдаг (Ёохан 1:49). «Бурхны Хүү» гэсэн нь амьтай бүхнийг бүтээсэн Бурхан, Есүсийг ч бас бүтээсэн болохыг харуулдаг (Дуулал 36:9; Илчлэл 4:11). Бурхныг хүний жам ёсоор хүүхэдтэй болсон гэж Библид бичээгүй.

 Тэнгэрийн элчүүдийг ч бас «Бурханы хөвгүүд» гэж Библид бичсэн байдаг (Иов 1:6). Мөн Библид анхны хүн Адамыг «Бурхны хүү» байсан гэдэг (Лук 3:38). Есүс Бурхны анхны бүтээл. Бурхан хэнийг ч оролцоогүйгээр Есүсийг бүтээсэн. Түүнийг ууган Хүү гэсэн нь ийм учиртай.

 Есүс дэлхий рүү ирэхээсээ өмнө тэнгэрт байсан уу?

 Тийм. Тэрбээр дэлхий рүү ирэхээсээ өмнө тэнгэрт тэнгэрийн элч байсан. Есүс өөрөө «Би ... тэнгэрээс бууж ирсэн» гэж хэлсэн (Ёохан 6:38; 8:23).

 Бурхан аливааг бүтээхээсээ өмнө Есүсийг бүтээсэн. Түүний тухай Библид ингэж байдаг.

 Библийн нэгэн зөгнөлд Есүсийг «өнө эртнээс, эртний өдрүүдээс гаралтай» гэсэн байдаг (Мика 5:2, ШЕ; Матай 2:4–6).

 Есүс дэлхий рүү ирэхээсээ өмнө юу хийж байсан бэ?

 Есүс тэнгэрт өндөр байр суурьтай байсан. Есүс: «Би таны дэргэд байхдаа алдар хүндтэй байсан. Одоо намайг тийм алдар хүндтэй болгооч» хэмээн залбирчээ. Энэ нь ямар байр суурьтай байсныг нь харуулдаг (Ёохан 17:5).

 Есүс эцэгтэйгээ хамт бүх юмыг бүтээлцсэн. Есүс Бурхны хажууд «уран дархан мэт» байжээ (Сургаалт үгс 8:30, МБОХ, 2000). Бурхан «тэнгэр, газар дээрх ... бүх юмыг бүтээхдээ Хүүгээ оролцуулсан» гэж Библид бичсэн байдаг (Колосай 1:16).

 Бурхан тэнгэрийн элчүүд, орчлонт ертөнц гээд бүхнийг бүтээхдээ Хүүгээ оролцуулсан (Илчлэл 5:11). Энэ нь юу гэсэн үг вэ? Архитектор зураг төсөл гаргаж, барилгачин тэр дагуу барилга барьдаг шиг Бурхан Есүс хоёр хамтарч ажилласан гэсэн үг.

 Тэрбээр Бурхны Үг байсан. Хүн болж дэлхий рүү ирэхээс өмнөх үеийн Есүсийг Библид «Үг» гэсэн байдаг (Ёохан 1:1). Тэгэхлээр Бурхан Хүүгээрээ бусад тэнгэрийн элчүүдэд мэдээ, заавар хүргүүлсэн байж таарна.

 Түүнчлэн Бурхныг төлөөлж хүмүүстэй ярьдаг байсан биз ээ. Бурхан Еден цэцэрлэгт байсан Адам Ева хоёрт заавар өгөхдөө Үг болох Есүсээр дамжуулан ярьсан бололтой (Эхлэл 2:16, 17). Эртний израйлчууд цөлөөр явахдаа нэгэн тэнгэрийн элчээр удирдуулж, хэлэх үгийг нь дагах учиртай байв. Тэр тэнгэрийн элч нь Есүс байсан биз ээ (Египетээс гарсан нь 23:20–23). a

a Бурхан ганцхан тэнгэрийн элчээр өөрийгөө төлөөлүүлдэггүй байсан. Жишээлбэл Бурхан ууган Хүүгээсээ гадна бусад тэнгэрийн элчүүдээрээ дамжуулан эртний израйлчуудад Хуулиа өгдөг байв (Үйлс 7:53; Галат 3:19; Еврей 2:2, 3).