Skip to content

ЗАЛУУЧУУДЫН АСУУЛТ

Мөс чанараа яаж сургах вэ?

Мөс чанараа яаж сургах вэ?

 Чи мөс чанараа доорх зүйлүүдээс юутай нь зүйрлэх вэ?

  •   луужин

  •   толь

  •   найз

  •   шүүгч

 Эдгээр нь бүгдээрээ мөс чанартай төстэй. Учрыг нь ярилцъя.

 Мөс чанар гэж юу вэ?

 Мөс чанар бол зөв бурууг хэлж өгдөг мэдрэмж юм. Библид мөс чанарыг «зүрх сэтгэлд бичигдсэн» «хууль» гэсэн байдаг (Ром 2:15). Хийчихсэн юм уу хийх гэж байгаа зүйлийнхээ зөв эсэхийг шалгахад мөс чанар тусалдаг.

  •   Мөс чанар луужинтай адилхан. Мөс чанар биднийг зөв зүг рүү удирдан, аюулаас зайлсхийхэд тусалдаг.

  •   Мөс чанар тольтой адилхан. Мөс чанар бидний ёс суртахууны хэм хэмжээ болон дотор хүнийг маань илтгэн харуулдаг.

  •   Мөс чанар сайн найзтай адилхан. Мөс чанар бидэнд хэрэгтэй зөвлөгөөг өгч, зөв шийдвэр гаргахад тусалдаг. Тусламж авъя гэвэл түүнийгээ анхааралтай сонсох шаардлагатай.

  •   Мөс чанар шүүгчтэй адилхан. Муу юм хийхэд мөс чанар биднийг буруутгадаг.

Сайн мөс чанар зөв шийдвэр гаргахад чинь тусална

 Гол санаа: Мөс чанар бол 1) зөв шийдвэр гаргаж, 2) алдаагаа засахад тусалдаг маш чухал багаж юм.

 Яагаад мөс чанараа сургах хэрэгтэй вэ?

 Библид «Хүний мөсөөр сайн бай» гэж байдаг (1 Петр 3:16). Гэхдээ мөс чанараа сайн сургаагүй бол тийм байх нь амаргүй байдаг.

 «Би аав ээждээ хаана очсоноо үнэнээр нь хэлэхгүй юм уу нуудаг байсан. Муухай юм болж байна даа гэж эхэндээ бодогддог байсан ч яваандаа нэг их сүйдтэй юм биш гэж боддог болсон»—Женифер.

 Эцэст нь юу болсон бэ? Мөс чанар нь өөрийг нь буруутгаад байсан учраас эцэг эхдээ бүх үнэнээ хэлж, дахин худал яриагүй.

 Бодож үзээрэй: Женифер мөс чанарынхаа дуу хоолойг хэзээ сонсох ёстой байсан бэ?

 «Хоёр нүүр гаргаж амьдрах нь тийм ч амар биш. Үүнээсээ болоод стресст ордог. Мөс чанарынхаа сануулгыг үл тоон муу зүйлийг нэг л хийгээд эхэлчихвэл түүнээс хойш тийм юмыг бүр амархан хийдэг болчихдог»—Мэтю.

 Зарим хүн мөс чанарынхаа сануулгыг огт тоодоггүй. Библид тэднийг «ёс суртахуунаа уландаа гишгэсэн» хүмүүс гэсэн байдаг (Эфэс 4:19). Библийн өөр орчуулгад энэ үгийг «ичих зовохоо мэдэхээ байсан» гэж буулгажээ.

 Бодож үзээрэй: Муу юм хийсэндээ санаа зовдоггүй хүмүүс илүү жаргалтай амьдарч байгаа юм шиг чамд санагддаг уу? Тийм хүмүүст ямар асуудал тулгардаг вэ?

 Гол санаа: Сайн мөс чанартай байя гэвэл «оюун ухаанаа байнга дайчлан зөв бурууг ялгаж сурах» хэрэгтэй (Еврей 5:14).

 Мөс чанараа яаж сургах вэ?

 Мөс чанараа сургая гэвэл өөрийнхөө үйлдлийг зөв хэм хэмжээтэй харьцуулж үзэх хэрэгтэй. Зарим хүний хэм хэмжээ дараах зүйлээс шалтгаалдаг.

  •   гэр бүл болон соёл

  •   найзууд

  •   алдартай одууд

 Гэхдээ хамгийн зөв хэм хэмжээ Библид байдаг. Яагаад гэвэл Библи бол биднийг бүтээсэн, бидэнд юу хамгийн сайн бэ гэдгийг мэддэг «Бурх[ны] бичүүлсэн» ном билээ (2 Тимот 3:16).

 Хэдэн жишээ авч үзье.

 БИБЛИЙН ХЭМ ХЭМЖЭЭ: «Бид үргэлж шударга байхыг хүсдэг» (Еврей 13:18).

  •   Шалгалт өгөхдөө бусдаас будаа идэх, эцэг эхдээ худлаа ярих юм уу хулгай хиймээр санагдах үед Библийн энэхүү хэм хэмжээ мөс чанарт чинь ямар нөлөө үзүүлж болох вэ?

  •   Мөс чанарынхаа сануулгыг сонсоод бүх зүйлд үнэнч байвал одоо ба ирээдүйд ямар ач тустай вэ?

 БИБЛИЙН ХЭМ ХЭМЖЭЭ: «Садар самуун явдлаас зугтагтун» (1 Коринт 6:18).

  •    Порно үзэх юм уу гэр бүл болохын өмнө бэлгийн харьцаанд ормоор санагдвал Библийн энэхүү хэм хэмжээ мөс чанарт чинь ямар нөлөө үзүүлж болох вэ?

  •   Мөс чанарынхаа сануулгыг сонсоод садар самуун явдлаас зайлсхийвэл одоо ба ирээдүйд ямар ач тустай вэ?

 БИБЛИЙН ХЭМ ХЭМЖЭЭ: «Бие биеэ энэрч, нэг нэгнээ өрөвдөн ... бие биеэ дуртайяа уучилж байгаарай (Эфэс 4:32).

  •    Төрсөн ах дүү юм уу найзтайгаа санал зөрөлдөх үед Библийн энэхүү хэм хэмжээ чамд хэрхэн нөлөөлж болох вэ?

  •   Мөс чанарынхаа сануулгыг сонсоод бусдыг дуртайяа уучилж, өрөвддөг бол одоо ба ирээдүйд ямар ач тустай вэ?

 БИБЛИЙН ХЭМ ХЭМЖЭЭ: «Хүчирхийлэлд дурлагчийг Түүний [«Еховагийн», ШЕ] сэтгэл үзэн яддаг билээ (Дуулал 11:5).

  •    Кино, телевизийн хөтөлбөр юм уу видео тоглоом сонгоход Библийн энэхүү хэм хэмжээ чамд хэрхэн нөлөөлж болох вэ?

  •   Мөс чанарынхаа сануулгыг сонсоод хүчирхийллийг дэвэргэдэг зугаа цэнгэлээс хол байвал одоо ба ирээдүйд ямар ач тустай вэ?

 БОДИТ ЖИШЭЭ: «Зарим найз маань хүчирхийллийг дэвэргэдэг видео тоглоомд дуртай. Би бас тэдэнтэй хамт тоглодог байлаа. Аав тийм тоглоом тоглож болохгүй гэдэг болохоор найзынхаа гэрт очихоороо л тоглодог байлаа. Гэхдээ үүнийгээ гэртээ хариад ярьдаггүй байв. Аав миний хачин байгааг хараад зүгээр үү гэж асуусан ч би ямар нэг юм болоогүй гэж хариулдаг байлаа. Харин нэг өдөр би Дуулал 11:5-ыг уншаад буруу юм хийж байгаагаа ухаарч, ийм тоглоомоор дахин хэзээ ч тоглож болохгүйгээ ойлгосон. Тоглохоо ч больсон. Намайг ажигласан нэг найз маань ч бас тийм тоглоомоосоо гарсан»—Жереми.

 Бодож үзээрэй: Жеремигийн мөс чанар хэзээнээс ажиллаж эхэлсэн бэ? Түүнийгээ хэзээ сонсож эхэлсэн бэ? Чи түүнээс юу сурч болох вэ?

 Гол санаа: Мөс чанар бидний ямар хүн болох, юуг үнэлж эрхэмлэдгийг маань харуулдаг. Мөс чанар чинь чиний талаар юу хэлдэг вэ?