Skip to content

Гарчиг руу орох

Бурхан үүнийг хүсдэг гэж үү?

Бурхан үүнийг хүсдэг гэж үү?

СОНИН СЭТГҮҮЛ, зурагт радио гэх зэрэг мэдээллийн хэрэгслээр дайн, гэмт хэрэг, терроризмын тухай сэдэв голлох болсныг та лав анзаарсан биз ээ. Түүнээс гадна, таны хувийн амьдралд ямар зовлон бэрхшээл тулгардгийг бодоод үз дээ. Өвчин хууч, үхэл хагацлаас болж та асар их шаналж байж болох юм. Эрт цагт амьдарч байсан Иов гэдэг хүн: «Өө, миний уй гашуу ... далай тэнгисийн элснээс ч илүү хүнд» гэж хэлснийг Библид бичжээ. Танд ч бас тэгж санагдаж байж мэднэ (Иов 6:2, 3).

Одоо, дараах асуултыг бодож үзье.

  • Бурхан хүмүүсийг зовоосой гэж хүсдэг үү?

  • Зовлон бэрхшээлээ даван туулахын тулд хаанаас тусламж авах вэ?

  • Дэлхий даяараа амар амгалан амьдрах цаг ирэх болов уу?

Эдгээр асуултад Библи тодорхой хариу өгдөг.

БУРХАН ХҮН ТӨРӨЛХТНИЙ АМЬДРАЛЫГ ӨӨРЧЛӨХ ТУХАЙ БИБЛИД БИЧЖЭЭ.

«Тэрээр тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Цаашид үхэл байхгүй болно. Цаашид гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно» (Илчлэл 21:4).

«Доголон хүн буга мэт дүүлнэ» (Исаиа 35:6).

«Сохрын нүд нээгдэж, дүлийгийн чих онгойно» (Исаиа 35:5).

«Дурсамжийн булшинд байгчид бүгдээрээ ... гарч ирнэ» (Ёохан 5:28, 29).

«“Би өвчтэй байна” гэж нэг ч оршин суугч өгүүлэхгүй» (Исаиа 33:24).

«Газарт үр тариа элбэг дэлбэг байна» (Дуулал 72:16).

БИБЛИ СУДЛАХЫН АЧ ТУС

Энэ бүхнийг гэнэн мөрөөдөл гэж бүү бодоорой. Учир нь эдгээрийг хүн бус, Бурхан амласан бөгөөд амлалтаа яаж биелүүлэхийг нь Библид тайлбарласан байдаг.

Бас Бурхны амлалтаас гадна өөр олон зүйлийг Библиэс мэдэж болно. Өнөө үед ч сэтгэл хангалуун, жаргалтай амьдрах нууцыг Библи хэлж өгдөг. Сэтгэлийг тань зовоож байгаа зүйл, амьдралд тань тулгардаг зовлон бэрхшээлийн талаар түр зуур бодоод үзье. Мөнгө төгрөгний гачигдал, гэр бүлийн асуудал, эрүүл мэнд муудах, дотнын хүнээ үхэлд алдах гэх мэтийн олон бэрхшээл байж болох юм. Эдгээрийг даван туулахад Библи тусална. Түүнээс гадна

  • Хүмүүс зовж зүдэрдгийн учир юу вэ?

  • Амьдралын хатуу бэрхийг хэрхэн давах вэ?

  • Яавал гэр бүлээрээ жаргалтай амьдрах вэ?

  • Хүн үхээд яадаг вэ?

  • Нас барагсад ирээдүйд яах вэ?

  • Бурхан амласан бүхнээ заавал биелүүлнэ гэдэгт итгэхэд юу туслах вэ?

гэх мэтийн олон чухал асуултын хариуг Библи өгч, сэтгэл тайвшруулдаг.

Та Библид чухам юун тухай бичсэн байдгийг мэдэхийг хүсдэг учраас энэ номыг уншиж байгаа байх. Тэр хүслээ биелүүлэхэд тань энэ ном үнэхээр тусална. Догол мөрд тохирох асуултыг хуудасны доод хэсэгт бичсэн байгааг анхаараарай. Ер нь, Библийг асуулт хариултын жур­маар судлах нь их ач тустай байдаг нь Еховагийн Гэрчүүдээр Библийн хичээл заалгадаг олон сая хүний туршлагаас харагддаг. Энэ арга танд ч бас ач тусаа өгнө гэж найдаж байна. Библийг үр дүнтэй судалж, уг хосгүй номонд чухам юун тухай бичсэнийг зөв ойлгодог болоход тань Бурхан туслах болтугай.