Skip to content

Гарчиг руу орох

Иерусалимыг бэлгэдлийн утгаар бүсэл гэсэн даалгаврыг Езекиел дуртайяа биелүүлсэн

Зөнчдийг дуурайя

Зөнчдийг дуурайя

ТАНД эртний зөнчидтэй төстэй зүйл бий юү? 2013 оны Шинэ ертөнцийн орчуулгын «Библийн үг хэллэгийн тайлбар»-т зөнч гэж ямар хүн болохыг ийнхүү тодорхойлжээ. «Бурхны санаа зорилгыг мэдүүлдэг хүн юм. Зөнчид Бурхны төлөөлөгчид бөгөөд ирээдүйг зөгнөн хэлэхээс гадна Бурхны сургаал, тушаалыг зааж, шүүх мэдээг дамжуулдаг байсан». Та хэдийгээр зөнч биш ч Библид байдаг мэдээг тунхагладаг Бурхны төлөөлөгч шүү дээ (Мат. 24:14).

Еховагийн тухай ярьж, хүн төрөлхтний талаарх санаа зорилгыг нь бусдад мэдүүлнэ гэдэг бол онцгой завшаан юм. Бид энэ ажлыг «тэнгэрийн дундуур ... нисэж яваа» тэнгэр элчтэй хамт хийдэг (Илч. 14:6). Гэхдээ ийм сайхан завшаантай гэдгээ бэрхшээл тулгарсан үед мартаж мэдэх юм. Жишээ нь бидэнд эцэж туйлдах, урам хугарах, хэнд ч хэрэггүй юм шиг санагдах үе бий. Эртний үнэнч зөнчдөд ийм бэрхшээл тохиолдож байсан. Гэлээ ч тэд бууж өгөөгүй. Ехова тэдэнд даалгавраа биелүүлэхэд нь тусалсан. Хэдэн зөнчийг жишээ болгон авч, тэднийг хэрхэн дуурайхыг ярилцъя.

ТЭД ИДЭВХ ЗҮТГЭЛТЭЙ БАЙСАН

Заримдаа өдөр тутмын ажилдаа түүртэж ядраад дэлгэрүүлмээргүй санагдаж болох юм. Үнэндээ бидэнд амралт хэрэгтэй. Есүс болон элч нар хүртэл амардаг байсан шүү дээ (Марк 6:31). Тэгвэл зөнч Езекиел яасан бэ? Иерусалимаас олзлогдоод Вавилонд очсон тэрээр бусад израильчууддаа Еховагийн мэдээг тунхагладаг байв. Иерусалимыг тоосгон дээр сийлэхийг Ехова нэг удаа Езекиелд тушаажээ. Тэгээд «Би чамайг олсоор хүлэх болно. Ингэснээр чи бүслэлтийн хоногуудыг дуусгах хүртэл нэг талаас нөгөө уруугаа эргэж чадахгүй болно» гэжээ (Езе. 4:1–8). Езекиел тэр тоосгоо тойруулж бүслэлт бариад 390 хоног зүүн талаараа, 40 хоног баруун талаараа хэвтэх ёстой болов. Энэ нь цөлөгдсөн израильчуудын анхаарлыг татах нь лавтай. Жил гаруйн хугацаанд хажуугаараа хэвтэхэд яасан их чилэх бол! Езекиел даалгавраа хэрхэн биелүүлсэн бэ?

Езекиел зөнчөөр томилогдсоныхоо учрыг ойлгож байлаа. Бурхан түүнийг илгээхдээ «[Израильчууд] сонссон ч, эсвэл үл сонссон ч тэдний дунд эш үзүүлэгч байсан гэдгийг тэд мэдэх болно» гэсэн ажээ (Езе. 2:5). Езекиел энэ зорилгоо ямагт санадаг байв. Тийм учраас бэлгэдлийн утгаар Иерусалимыг тойруулан бүслэлт барих даалгаврыг дуртайяа биелүүлж жинхэнэ зөнч гэдгээ баталсан. Езекиел болон израильчууд «Хот эзлэгдэв» гэсэн мэдээ сонсов. Дунд нь зөнч байсныг израильчууд ийнхүү мэджээ (Езе. 33:21, 33).

Бид хүмүүст Сатаны тогтолцоо устгагдах гэж байгааг мэдүүлдэг. Сайн мэдээ тунхаглаж, хүмүүстэй дахин уулзаж, Библийн хичээл хийхийн тулд багагүй хүч гаргадаг. Өнөөгийн тогтолцооны төгсгөлийн тухай зөгнөлүүд биелэхийн хэрээр «Бурхны санаа зорилгыг мэдүүлдэг хүн» байхын баяр баясгаланг эдэлдэг.

ТЭД БУУЖ ӨГӨӨГҮЙ

Ехова ариун сүнсээ өгдөг учраас бид дэлгэрүүлэх эрч хүчтэй байдаг. Гэхдээ хүмүүс мэдээг маань нааштай хүлээн авахгүй үед урам хугардаг. Зөнч Иеремиагийн жишээг санаарай. Бурхны мэдээг тунхагладгаас нь болоод израильчууд түүнийг шоолж, доромжилдог байсан. Иеремиа бидэнтэй л адилхан жирийн хүн байсан болохоор «Би Түүнийг дурсахгүй, Түүний нэрээр дахин ярихгүй» гэж хэлсэн удаатай. Гэхдээ л Бурхны мэдээг тунхагласаар байв. Яагаад гэдгээ ийн хэлжээ. «Энэ нь миний сэтгэл зүрхэнд ясаар минь хаагдан хүрээлэгдсэн шатаж буй гал мэт болно. Би түүнийг дотроо хадгалахаас ядарч, би түүнийг тэсвэрлэж чадахгүй» (Иер. 20:7–9).

Хүмүүсийн хандлагаас болоод бидний ч урам хугардаг. Тийм үед ямар мэдээ тунхагладгаа эргэцүүлэн бодвол сэтгэлийн тэнхээтэй болно. Энэ бол бидний дотор гал асахтай адил юм. Галаа унтраахгүйн тулд Библийг өдөр бүр унших хэвшилтэй болох хэрэгтэй.

ТЭД ХЭЦҮҮ ДААЛГАВРЫГ ДУРТАЙЯА БИЕЛҮҮЛСЭН

Зарим Гэрч даалгавар аваад яаж хийхээ мэдэхгүй эсвэл яагаад өөрт нь даалгасныг ойлгоогүй болохоороо дурамжхан байдаг. Зөнч Хосеа бас тийм байсан байх. Ехова түүнд «Яв, өөртөө завхай эхнэрийг авч, завхай хүүхдүүдтэй бол» хэмээн тушаажээ (Хос. 1:2). Таныг гэрлэх тухай бодож байтал завхай хүнтэй суу гэж Ехова хэлбэл яах вэ? Хосеа үг дуугүй биелүүлсэн. Гомер гэдэг эмэгтэйтэй гэрлэж хүүтэй болжээ. Дараа нь Гомер охин хүү хоёр төрүүлэв. Завхайрч яваад бага хоёроо төрүүлсэн нь тодорхой. Ехова тэр эмэгтэйг «нууц амрагуудаа мөшгөн дагана» гэж Хосеад хэлжээ. «Нууц амрагууд» гэж олон тоогоор хэлснийг анхаараарай. Гомер дараа нь Хосеа руу буцаж ирэх байлаа. Хэрэв та Хосеагийн оронд байсан бол завхай эхнэрээ хүлээж авах уу? Ехова Хосеад яг ингэж тушаасан! Хосеа эхнэрээ буцааж авахын тулд бүр төлбөр төлсөн гээд бод доо (Хос. 2:7; 3:1–5).

Энэ даалгаврыг биелүүллээ гээд сайн үр дүнд хүрнэ гэж үү хэмээн Хосеа бодсон байж болох юм. Гэлээ ч Бурхны тушаалыг даган, амьдралаараа тоглосон. Энэ нь бидэнд чухал зүйлийг ойлгуулдаг. Израильчуудыг урван тэрслэхэд, мөн чин сэтгэлтэй израильчуудыг буцаж ирэхэд Төгс хүчит Нэгэнд ямар санагдаж байсныг Хосеагийн амьдрал харуулдаг.

«Өөртөө завхай эхнэрийг ав» гэж Ехова өнөөдөр хэнд ч хэлэхгүй. Тийм хачирхалтай даалгаврыг дуртайяа биелүүлсэн Хосеагаас сурах юм их бий. Жишээлбэл, Хаанчлалын тухай сайн мэдээг айлаар дэлгэрүүлэх амаргүй санагдсан ч бид дуртайяа биелүүлэх учиртай (Үйлс 20:20). Дэлгэрүүлэх ажлын зарим арга үнэндээ амархан биш байж болох юм. Еховагийн Гэрчүүдтэй Библийн хичээл хийх дуртай хэр нь айлаар явж дэлгэрүүлэхгүй гэдэг хүн цөөнгүй. Гэхдээ хожим нь дэлгэрүүлэгч болдог хүн олон бий. Хосеагийн жишээнээс сурах юм их байгаа биз?

Хэцүү даалгавар биелүүлэхийг зөвшөөрсөн Хосеагаас бас нэг чухал зүйлийг сурч болно. Хосеа амьдралаараа тогломооргүй байна гэж Еховад хэлээд, тушаалыг нь биелүүлэхээс татгалзаж болох л байсан. Тэгээд ийм даалгавар авснаа бичиж үлдээгээгүй бол хэн ч мэдэхгүй өнгөрөх байв. Бидэнд бас ийм зүйл тохиолдож мэдэх юм. Еховагийн тухай ярих боломж гарсан ч ашиглаагүй гэж бодъё. Тэгвэл ийм боломж гарсныг хэн ч мэдэхгүй өнгөрнө. АНУ-д амьдардаг ахлах ангийн сурагч Аннагийн тухай ярилцъя. Багш нь хүүхдүүдэд нэг даалгавар өгчээ. Дуртай сэдвээрээ эсээ бичээд түүнийгээ ангийнхандаа итгүүлэн үнэмшүүлэх ёстой байлаа. Итгэл үнэмшлийнхээ талаар гэрчлэх энэ боломжийг Анна тоохгүй өнгөрөөж болох л байсан. Харин Бурхан надад боломж олгож байна гэж бодоод энэ боломжийг алдалгүй ашиглах хүсэл зориг өгөөч хэмээн залбирчээ. Тэгээд «Эволюци: Нотолгоо бий юү?» гэсэн нэртэй эсээ бичив.

Зөнчдийг дуурайдаг охид хөвгүүд Ехова бол Бүтээгч хэмээн зоригтой тунхагладаг

Аннаг эсээгээ уншихад эволюцийн онолд итгэдэг нэг охин янз бүрийн асуултаар булжээ. Анна ч итгэл үнэмшлээ сайн хамгаалав. Багш нь Аннаг биширч хамгийн сайн эсээ бичсэн гээд шагнажээ. Түүнээс хойш Анна өнөөх охинтой бүтээлийн талаар олон удаа ярилцсан гэнэ. Еховагаас өгсөн энэ «даалгаврыг» дуртайяа хүлээж авсныхаа үрээр Анна сайн мэдээг зоригтой, итгэлтэй тунхагладаг болсон байна.

Бид зөнч биш ч Езекиел Иеремиа Хосеа нарыг дуурайн Еховагийн даалгасан бүхнийг сайтар биелүүлж чадна. Гэр бүлийн хичээл юм уу бие даасан судлалаараа эртний зөнчдийн талаар уншиж, тэднийг хэрхэн дуурайхыг эргэцүүлэн бодож болохгүй нь юу билээ?