Skip to content

Гарчиг руу орох

Хаант төр юу хийх вэ?

Хаант төр юу хийх вэ?

Хаант төр захираасай хэмээн залбирахыг Есүс шавь нартаа захижээ. Дэлхий дээр болдог гай зовлон Бурхны хүсдэг юм биш гэдгийг, зөвхөн Бурхны Хаант төр л хүн төрөлхтний бүх бэрхшээлийг шийдэх цорын ганц засгийн газар байх болно гэдгийг Есүс мэдэж байв. Бурхны Хаант төр юу хийх вэ?

БУРХНЫ ХААНТ ТӨР ЮУ ХИЙЖ АМЖУУЛСАН БЭ?

Өмнөх өгүүлэлд Есүсийн хэлсэн шинж тэмдгийн тухай авч үзсэн. Тэр шинж тэмдэг нь Есүс Христ тэргүүтэй Хаант төр байгуулагдсаныг тодорхой харуулдаг.

Есүс засгийн эрхийг авангуутаа Сатан болон чөтгөрүүдийг тэнгэрээс хөөдөг. Тэд дэлхийд бууж ирсэн учраас 1914 оноос хойш байдал улам дордсон (Илчлэл 12:7, 9).

Дэлхийн нөхцөл байдал дордсон ч Хаант төрийн Хаан Есүс хүмүүст тустай үйл ажиллагаа явуулсан. Түүний зөгнөсөн ёсоор дэлхий дахинд Библийн боловсрол олгох ажил өрнөж, үүний ачаар олон хүн Библийн зарчмыг амьдралдаа хэрэгжүүлж байна (Исаиа 2:2–4). Олон сая хүн гэр бүлээрээ жаргалтай амьдрахын тулд яах ёстойг мэдэж, ажил төрөл, эд мөнгөнөөс илүү чухал зүйл байдгийг ойлгодог болсон. Энэ хүмүүс сурч мэдсэн зүйлийнхээ үр шимийг үзээд зогсохгүй, Хаант төрийн харьяат албатууд байхын тулд ямар байх ёстой, тийм хүн болохыг хичээж байна.

БУРХНЫ ХААНТ ТӨР ЮУ ХИЙХ ВЭ?

Есүс тэнгэрт захирч байгаа ч дэлхий дээр хүний засгийн газрууд захирсаар байна. Бурхан Есүст «Өөрийн дайснуудын дунд захир» гэж тушаасан (Дуулал 110:2). Удахгүй Есүс бүх дайснаа устгаж, Бурханд дуулгавартай хүмүүсийг аварна.

Тэр үед Бурхны Хаант төр юу хийх вэ?

  • Хуурамч шашныг устгана. Библид хуурамч шашныг янхан эмтэй зүйрлэдэг. Бурхны тухай худал сургаал зааж, хүмүүсийг зовоодог шашнууд устгагдана. Энэ явдлыг хараад олон хүн гайхна (Илчлэл 17:15, 16).

  • Хүний засаглалыг хална. Удахгүй хүний бүх засаглалд Бурхны Хаант төр цэг тавина (Илчлэл 19:15, 17, 18).

  • Хорон муу хүмүүсийг устгана. Бурханд захирагдахаас татгалзан муу муухай үйлээ хийсээр байх хүмүүс яах вэ? «Хар санаатан газраас тастагдана» (Сургаалт үгс 2:22).

  • Сатан болон чөтгөрүүдийг бүрмөсөн устгана. Сатан болон чөтгөрүүд «үндэстнүүдийг цаашид мэхлэх» чадваргүй болно (Илчлэл 20:3, 10).

Бурхны Хаант төрийг дэмждэг хүмүүс яах вэ?

БУРХНЫ ХААНТ ТӨР ХҮН ТӨРӨЛХТНИЙ ТӨЛӨӨ ЮУ ХИЙХ ВЭ?

Тэнгэрээс захирч байгаа Хаан Есүс ямар ч хүмүүн захирагчийн хийж байгаагүй зүйлийг хийнэ. Хүмүүсийн дундаас сонгогдсон 144 000 хамтран захирагч түүнд тусална (Илчлэл 5:9, 10; 14:1, 3). Бурхны хүслийг дэлхий дээр баттайяа биелүүлнэ. Дэлхий дээр амьдарч байгаа хүмүүсийн төлөө Бурхны Хаант төр юу хийх вэ?

  • Өвчин, үхлийг үгүй хийнэ. «“Би өвчтэй байна” гэж нэг ч оршин суугч өгүүлэхгүй», «үхэл байхгүй болно» (Исаиа 33:24; Илчлэл 21:4).

  • Жинхэнэ ёсоор амар тайван, аюулгүй байна. «Чиний хөвгүүдийн эв найр нь аугаа их болно», «Хүн тус бүр өөрийн усан үзмийн болон инжрийн модны дор сууна. Тэднийг айлгах ямар ч хүнгүй болно» (Исаиа 54:13; Мика 4:4).

  • Сонирхол татсан, сайхан ажилтай байна. «Миний сонгосон хүмүүс өөрсдийнхөө гарын бүтээлийг өмсөнө. Тэд дэмий хоосон ажиллахгүй» (Исаиа 65:22, 23).

  • Байгаль орчны асуудлуудыг шийднэ. «Зэлүүд газар, цөл баярлан, Араба ч баясан, замар цэцэг мэт дэлгэрнэ» (Исаиа 35:1).

  • Мөнх амьдрахын тулд яах ёстойг хүмүүст заана. «Тэд мөнхийн амьтай болохын тулд цорын ганц жинхэнэ Бурхан таныг болон таны илгээсэн Есүс Христийг үргэлж таньж мэдэх ёстой» (Ёохан 17:3).

Таныг ийм ивээл хүртээсэй гэж Бурхан хүсдэг (Исаиа 48:18). Энэ бүх амлалт биелэхийг нүдээр үзье гэвэл яах ёстой вэ? Дараагийн өгүүллээс мэдэж авцгаая.