Skip to content

«Тайвшралын Бурхны» тусламж

«Тайвшралын Бурхны» тусламж

ДАВИД ХААН их зовлон үзэж, сэтгэл нь шаналж явжээ. Гэхдээ өөрийг нь Бүтээгч маш сайн ойлгодог гэдэгт огтхон ч эргэлзээгүй. Тэрбээр: «Өө, ЭЗЭН, Та намайг судлан, намайг мэдсэн билээ. Миний сууж, босохыг ч хүртэл Та мэддэг юм. Та хаа холоос миний санаа бодлуудыг ойлгодог. Намайг ганц үг өгүүлэхээс ч өмнө, Харагтун, ЭЗЭН Та бүгдийг мэддэг» гэж бичжээ (Дуулал 139:1, 2, 4, 23).

Тэгэхлээр Бүтээгч маань хүнийг ойлгодог, сэтгэл гутралд орсон хүний бие, сэтгэл ямар байдгийг мэддэг байх нь. Тэрбээр хүн юунаас болж сэтгэл гутардгийг, ийм нөхцөлд яах ёстойг мэддэг. Түүгээр зогсохгүй ирээдүйд сэтгэл гутралыг бүрмөсөн арилгахаа амладаг. «Зовж шаналсан хүнийг тайвшруулдаг» энэрэнгүй Бурхан маань бидэнд хэнээс ч илүү тусална (2 Коринт 7:6).

Гэхдээ сэтгэл гутралд орсон хүн «Бурхан надад яаж туслах юм бэ?» гэж бодох байх.

Бурхан сэтгэл гутралд орсон хүнийг анхаарч хардаг болов уу?

Бурхан сэтгэл гутралд орсон үйлчлэгчтэйгээ маш ойр байдаг. Тэрбээр: «Би ... номхон даруу хүнтэй ... хамт байдаг. Төлөв даруу хүний сэтгэлийг би сэргээдэг. Гэмээ ухаарсан хүний зүрхийг би зоригжуулдаг» гэж хэлсэн (Исаиа 57:15, МБН, 2015). Ехова «эмтэрсэн зүрхтэй хүнд ойртон байдаг» гэдгийг бодохоор үнэхээр сэтгэл уужирдаг (Дуулал 34:18).

Сэтгэл гутралд орсон хүн Бурхны тусламжийг авъя гэвэл яах хэрэгтэй вэ?

«Залбирлыг сонсдог Нэгэнд» хэзээд хандах боломжтой. Тэрбээр сэтгэл зовоосон бодлоос салж, хүнд үеийг давах хүчийг өгдөг (Дуулал 65:2). Бурханд зүрх сэтгэлээ уудлахыг Библи уриалдаг. «Юунд ч бүү санаа зов. Харин хэзээ ямагт Бурханд залбир, Бурхнаас шаргуу гуй, Бурханд таларх, хүсэлтээ хэлж бай. Тэгвэл Бурхан хүний ухаанаас давуу амар тайвныг Христ Есүсээр дамжуулан та нарт өгч, зүрх сэтгэл, ухаан бодлыг тань хамгаална» (Филиппой 4:6, 7).

«Бурхан над шиг хүний залбирлыг сонсохгүй байх» гэсэн бодол төрвөл яах вэ?

Сэтгэл гутралд орсон хүн яаж ч хичээсэн өөрийгөө Бурхны таалалд нийцэхгүй гэж бодож болох юм. Гэхдээ тэнгэрийн Эцэг маань бидний сэтгэлийг амархан түгшдэгийг ойлгодог. «Бид бол тоос шороо юм гэдгийг Тэр санаж байдаг» (Дуулал 103:14). «Бид өөрсдийгөө буруутгалаа ч ... Бурхан бидний зүрхнээс агуу бөгөөд бүх юмыг мэддэг» гэдгийг санан «Бурхан биднийг хайрладаг гэдэгт бат итгэлтэй байж» болно (1 Ёохан 3:19, 20). Тэгэхээр Дуулал 9:9, 10; 10:12, 14, 17; 25:17-д гардаг үгийг хэлж залбираарай.

Хэт их шаналж, юу гэж залбирахаа мэдэхгүй бол яах вэ?

Сэтгэлийн зовлонд автаад бодол санаагаа илэрхийлэх аргагүй байлаа ч битгий бууж өгөөрэй! «Энэрч өршөөдөг Эцэг, ямар ч үед тайвшруулдаг Бурхан» таны сэтгэл санаа ямар байгааг, танд юу хэрэгтэйг мэддэг учраас түүнд хандсаар байгаарай (2 Коринт 1:3). Өмнөх өгүүлэлд дурдсан Мариа: «Заримдаа миний бодол санаа самуурч юу гэж залбирахаа мэдэхгүй байдаг. Гэхдээ Бурхан намайг ойлгож, надад тусална гэдгийг би мэддэг» гэжээ.

Бурхан бидний залбиралд яаж хариулдаг вэ?

Бурхан бүх зовлонг маань шууд арилгана гэж Библид бичээгүй. Гэхдээ «бүхнийг», сэтгэл гутралыг ч давах хүч өгдөг (Филиппой 4:13). Мартина: «Би анх сэтгэл гутралд орсон үедээ тэвчээр алдаад намайг шууд эдгээгээд өгөөч гэж Еховад залбирсан. Гэхдээ би одоо өдөр өдөрт хэрэгтэй хүчийг гуйн залбирдаг» гэжээ.

Сэтгэл гутралтай хүн Библийг уншаад Бурхнаас хүч авдаг. 35 жил сэтгэл гутралтай тэмцэж яваа Сара өдөр бүр Библи уншихын ач тусыг мэдэрдэг. Тэрбээр: «Би эмч нартаа үнэхээр талархаж байна. Гэхдээ хамгийн гол нь би Бурхны Үгийг уншаад хүчтэй болж, ач тус хүртдэг. Би өдөр бүр Библи уншдаг» гэж ярьсан юм.

Сэтгэл гутрал бүрмөсөн үгүй болно!

Есүс Христ дэлхий дээр байхдаа хүнд өвчнийг эдгээх хүчийг Бурхнаас авснаа харуулсан. Тэрбээр шаналгаат өвчнөөр өвдсөн хүмүүсийг дуртайяа эдгээж байв. Мөн сэтгэлийн зовлон шаналал гэж чухам юу болохыг сайн мэддэг байсан. Зовж үхэхийнхээ өмнөх шөнө «өөрийг нь үхлээс аварч чадах Нэгэнд шаргуу залбирдаг, хүсэлтээ чанга дуугаар, нулимс унаган хэлдэг» (Еврей 5:7). Зовж шаналж байсан болохоор хүний сэтгэл яаж зовж шаналдгийг мэддэг. Тийм ч учраас «соригдож байгаа хүмүүст туслах чадвартай» (Еврей 2:18; 1 Ёохан 2:1, 2).

Хүнийг сэтгэл гутралд оруулдаг муу муухай бүхнийг Бурхан устгах санаа зорилготойг Библи нээн илчилдэг. «Урьдын юмс санагдахгүй, бодол санаанд ч үл бууна. Харин Миний бүтээх зүйлд үүрд баярлан баясагтун» гэж Бурхан амласан байдаг (Исаиа 65:17, 18). «Шинэ тэнгэр» буюу Бурхны Хаант төр «шинэ газар» буюу дэлхий дээр амьдрах зөв шударга хүмүүсийг төгс болгож, бие, сэтгэлийн бүх өвчнийг нь эдгээнэ. Бүх өвчин эмгэг бүрмөсөн үгүй болно.

«Хамгийн гүн нүхнээс би Таны нэрээр дуудлаа, ЭЗЭН. “Миний тайтгарлаас, тусламж гуйсан хашхиралтаас минь чихээ бүү нуугаач” гэсэн миний дууг Та сонсжээ. Би Тан уруу дуудахад Та ойртон иржээ. “Бүү ай!” гэж Та айлдав» (Иеремиагийн гашуудал 3:55–57).