Skip to content

ГЭР БҮЛД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨГӨӨ | ЭЦЭГ ЭХ

Хүүхдэдээ сексийн талаар зөв ойлголт өгөөрэй

Хүүхдэдээ сексийн талаар зөв ойлголт өгөөрэй

ЮУ БОЛДОГ ВЭ?

Хэдхэн арван жилийн өмнө эцэг эхчүүдэд хүүхдүүддээ сексийн тухай түрүүлж ярих боломж их байсан. Тэд насанд нь тохируулаад зөв ойлголтыг өгдөг байв.

Одоо цаг өөр болжээ. «The Lolita Effect» гэдэг номд: «Хүүхдүүд маш багаасаа сексийн тухай мэдээллийг хаанаас ч хамаагүй авдаг болсон байна. Хүүхдүүдэд зориулсан ийм контент улам ихсэж байна» гэжээ. Энэ бүхэн хүүхдүүдэд үнэхээр тус болдог уу? Аюултай юу?

МЭДЭХ ХЭРЭГТЭЙ ЗҮЙЛ

Сексийг илт сурталчилсан контентууд хаа сайгүй байна. Дебора Рофманы «Эхлээд надад яриарай» номд: «Ярилцлага, зар сурталчилгаа, кино, ном, дууны үг, шоу нэвтрүүлэг, мессеж, тоглоом, хит дуу, утас, компьютер тачаангуй дүр зураг, завхай яриагаар дүүрсэн нь цаагуураа бэлгийн харьцааг чухал гэж ойлгуулж байгаа учраас хүүхэд залуус өөрийн мэдэлгүй үүнд автаж байна» гэжээ.

Маркетинг зар сурталчилгааныхан ч зохих хэмжээгээр буруутай. Зар сурталчилгаа болон худалдаа эрхлэгчид хүүхдүүдэд секси, ил задгай хувцас сурталчилж, зарж борлуулж байна. Үүнээс болоод хүүхдүүд хар багаасаа гадаад байдалдаа хэт анхаардаг болжээ. «So Sexy So Soon» гэдэг номд бичсэнээр «Зар сурталчилгаа эрхлэгчид хүүхдийн үе тэнгийнхэндээ таалагдаж, дорд орохгүй байх гэсэн хүслийг нь сайн мэддэг. Түүн дээр нь дөрөөлж яг сексийг сурталчлаагүй ч, шинэ барааг худалдаж авах хүсэл төрүүлэхийн тулд тачаангуй сурталчилгааг ашигладаг» гэсэн байна.

Мэдээлэлтэй байх нь хангалтгүй. Машин яаж барьдгийг мэдээд л болчихгүй, хариуцлагатай жолооч байх нь чухал байдаг шиг хүүхдэд сексийн тухай ярьж хэлээд л болчихгүй, энэ талаар мэдлэг дээрээ үндэслэн зөв шийдвэр гаргаж чадахаар болтол нь сургах хэрэгтэй.

Хамгийн гол нь: «Оюун ухаанаа байнга дайчлахыг» хүүхдэдээ заах нь хэзээ хэзээнээс илүү чухал болоод байна. Тэгвэл хүүхэд тань «зөв бурууг ялгаж сурна» (Еврей 5:14).

ЯАХ НЬ ЗҮЙТЭЙ ВЭ?

Тоохгүй өнгөрч болохгүй. Сексийн тухай хүүхдэдээ ярьж заах эвгүй байж болох ч энэ нь таны үүрэг. Үүргээ биелүүлээрэй (Библийн зарчим: Сургаалт үгс 22:6).

Бага багаар яриарай. Нэг дор их юм ярихын оронд хүүхэдтэйгээ хоёулаа машинаар явж байхдаа юм уу гэрийн ажил хийхдээ энгийн маягаар яриарай. Илэн далангүй яриулахын тулд үзэл бодлыг нь асуугаарай. Жишээлбэл, «Ийм хачин реклам чамд гоё санагдаад байгаа юм уу?» гэхийн оронд «Юмаа зарахын тулд яагаад ийм реклам гаргадаг юм бол оо?» гэж асуугаад хүүхдээ хариулсных нь дараа «Чи энэ рекламыг юу гэж бодож байна вэ?» гэж асууж болно (Библийн зарчим: Дэд хууль 6: 6, 7).

Насанд нь тохируулж заагаарай. Сургуулийн өмнөх насны хүүхдэд бэлэг эрхтний зөв нэрийг тогтоолгож, бага насны хүүхдийг садар самуунд уруу татагчдаас өөрсдийгөө яаж хамгаалахыг зааж өгөөрэй. Жаахан том болохоор нь нөхөн үржихүйн талаар үндсэн ойлголттой болгоорой. Бэлгийн бойжилт явагдах үед нь яагаад ийм өөрчлөлт гарч байгааг болон ёс зүйтэй байх талаар бүрэн тайлбарлаж өгөх шаардлагатай.

Үнэт зүйлийг ойлгуулах. Хүүхдэдээ аль болох багаас нь үнэнч шударга байх, ёс суртахууны өндөр хэм хэмжээ сахих, өөрийгөө болон бусдыг хүндэтгэх гэж яахыг хэлдгийг заагаарай. Үүн дээрээ үндэслээд бэлгийн харьцааны тухай ярих нь чухал. Бас юуг эрхэмд үздэгээ тодорхой хэлж байгаарай. Жишээлбэл, гэрлэхээс өмнө бэлгийн харьцаанд орохыг буруу гэж үздэгээ хэлээрэй. Яагаад буруу, ямар аюултайг нь тайлбарлаарай. «Өсвөр насанд бэлгийн харьцаанд орохыг эцэг эх нь буруу гэж үздэгийг мэддэг өсвөр насныхан бэлгийн харьцаанд орох нь бага байдаг» гэж «Beyond the Big Talk» гэдэг номд бичжээ.

Үлгэр дуурайл болоорой. Хүүхдэдээ хэлж ярьдгийнхаа дагуу биеэ авч яваарай. Жишээлбэл, та шалиг завхай тоглоом шоглоомд инээдэг үү? Ил задгай, бариу хувцасладаг уу? Сээтгэнэдэг үү? Ингэдэг бол ёс суртахуунтай байгаарай гэж хэчнээн заагаад ч нэмэргүй (Библийн зарчим: Ром 2:21).

Муугаар битгий ойлгуулаарай. Бэлгийн харьцаа бол Бурхны өгсөн бэлэг. Гэрлэсэн хосуудыг таашаал эдлээсэй гэсэндээ өгсөн (Сургаалт үгс 5:18, 19). Гэрлэхээсээ өмнө бэлгийн харьцаанд орвол сэтгэлийн шархтай хоцорно. Харин үүний оронд цаг нь болохоор энэ бэлгийг авна гэдгийг хүүхдүүддээ ойлгуулаарай (1 Тимот 1:18, 19).