Skip to content

Гарчиг руу орох

Тэд сайн дураараа үйлчилдэг—Баруун Африкт

Тэд сайн дураараа үйлчилдэг—Баруун Африкт

КОТ ДИВУАРТ ядуу хороололд төрж өссөн Паскал баян чинээлэг амьдрахыг хүсэж мөрөөддөг байжээ. Сонирхогчийн боксоор хичээллэдэг байсан тэрбээр: «Хаана очвол би нэр алдартай болж баяжих бол?» гэж боддог байв. Европыг зоривол хүсэл мөрөөдөл минь биелнэ гэж 20 гаруй насандаа боджээ. Гэвч Европт очиход шаардлагатай бичиг баримтгүй тул хууль бусаар явахаар шийджээ.

1998 онд 27-тойдоо аяллаа эхлэв. Гана улсын хил давж Того, Бениний нутгаар дамжин Нигер улсын Бирни Нкони гэдэг хотод очлоо. Жинхэнэ аз туршсан аялал нь одоо л эхлэх гэж байв. Цаашаа аялахын тулд ачааны машин дээр суугаад Сахарын цөлийг гатална. Дараа нь Газрын дундад тэнгист хүрч тэндээсээ усан онгоцоор явсаар Европт хөл тавина. Ингэж төлөвлөж байтал хоёр шалтгаанаас болоод Нигерт үлджээ.

Нэгдүгээрт, мөнгө нь дуусав. Хоёрдугаарт, Ноэ гэдэг эхлэгчтэй танилцаж Библийн хичээл заалгадаг боллоо. Сурч мэдсэн зүйл нь зүрх сэтгэлд нь хүрч, амьдралыг үзэх үзэл нь өөрчлөгджээ. Эд мөнгийг зорилго болгож байсан бол одоо сүнслэг зүйлийг чухалд үздэг болж, улмаар 1999 оны 12 дугаар сард баптисм хүртэв. Еховад талархлаа илэрхийлэхийн тулд үнэнийг мэдэж авсан газраа буюу Нигерт 2001 онд эхлэгч болжээ. Тэрбээр ямар сэтгэгдэлтэй явдаг тухайгаа ярихдаа «Би жинхэнэ аз жаргалыг олсон!» гэжээ.

АФРИКТ УТГА УЧИРТАЙ АМЬДАРЧ БАЙНА

Ане-Ракел

Илүү их сэтгэл хангалуун амьдаръя гэвэл сүнслэг зүйлийг голлон анхаарах хэрэгтэйг ойлгосон Паскал шиг хүн олон. Зарим нь энэ зорилгодоо хүрэхийн тулд Европоос Африкт нүүж ирээд дэлгэрүүлэгч хэрэгцээтэй газар үйлчилдэг. Европоос ирсэн 17–70 насны 65 Гэрч Баруун Африкийн Бенин, Буркина Фасо, Нигер, Того улсад үйлчилж байна. * Ингэж их нүүдэл хийх болсны учир юу вэ? Тэдэнд ямар ашигтай байсан бэ?

Даниас ирсэн Ане-Ракел: «Аав ээж маань Сенегалд миссионерээр үйлчилж байсан тухайгаа урам зоригтой ярьдаг байсан болохоор би ч гэсэн миссионер болохыг хүссэн» гэж ярьжээ. Тэрбээр 15 жилийн өмнө 20-оод настай байхдаа Тогод нүүж очсон бөгөөд одоо дохионы хэлний хуралд үйлчилж байна. Түүний хийсэн энэ алхам бусдад яаж нөлөөлсөн бэ? Тэрбээр: «Хоёр дүү маань миний араас Тогод ирсэн» гэжээ.

Альбер-Фэет ба Орел

Францаас ирсэн 70 настай Орел: «Би таван жилийн өмнө тэтгэвэртээ гарсан. Диваажин болтол нутагтаа нам гүм амьдрах уу эсвэл үйлчлэлээ өргөжүүлэх үү гэдгийн аль нэгийг сонгох хэрэгтэй болов» гэсэн юм. Тэгээд хоёр дахийг нь сонгожээ. Гурван жилийн өмнө эхнэр Альбер-Фэетийн хамт Бенинд нүүж очсон байна. Орел: «Еховад үйлчлэхээр энд ирсэн маань бидний хийсэн хамгийн сайн зүйл байсан» гэлээ. Тэрбээр: «Далайн эрэгт байдаг манай энэ хэсэг Диваажинг санагдуулдаг» гэж инээмсэглэн хэлэв.

Клодомир эхнэр Лисянтайгаа 16 жилийн өмнө Францаас Бенинд нүүж иржээ. Эхэндээ аав ээж, ах дүү, найз нөхдөө ихэд санахын зэрэгцээ шинэ амьдралдаа дасах болов уу гэж санаа зовдог байв. Яваандаа санаа зовох хэрэггүйгээ ойлгожээ. Сайн сайхан юм олныг үзсэн байна. Клодомир: «Энэ 16 жилийн хугацаанд жилд дунджаар нэг хүнд үнэний зам дээр гарахад нь тусалсан» гэж ярив.

Лисян Клодомир хоёр энэ хүмүүст Гэрч болоход нь тусалжээ

Жоана Себастян хоёр

Себастян Жоана хоёр 2010 онд Францаас Бенинд нүүж иржээ. Себастян: «Хуралд хийх ажил их байна» гэлээ. Тэрбээр цааш нь «Бурхны байгууллагаас зохиодог түргэвчилсэн сургалтад сууж байгаа юм шиг л санагддаг!» гэж ярьсан юм. Хүмүүс нь үнэнийг хэр сонирхдог вэ? Жоана: «Эндхийнхэн үнэнээр цангачихсан байдаг. Дэлгэрүүлэхээр яваагүй үед ч гудамжинд зогсоогоод Библийн холбогдолтой асуулт асууж, ном хэвлэл авдаг» гэв. Энд нүүж ирснээр тэр хоёрт ямар ашигтай байсан бол? «Бид хоёр бие биетэйгээ улам дотно болсон. Эхнэртэйгээ өдөржин хамт дэлгэрүүлэх ч сайхан шүү» гэж Себастян өгүүлэв.

Эрик Кати хоёр Бениний хойд хэсэгт хүн ам цөөтэй газар эхлэгчээр үйлчилдэг аж. Арван жилийн өмнө Францад байхдаа дэлгэрүүлэгч хэрэгцээтэй газар үйлчлэх тухай өгүүллүүд уншиж, бүрэн цагийн үйлчлэгчидтэй ярилцдаг болжээ. Үүний ачаар гадаадад үйлчлэх хүсэлтэй болж, улмаар 2005 онд нүүсэн байна. Хаанчлалын үйл хэрэг өргөжин тэлж байгааг нүдээрээ үзэх үнэхээр сэтгэл хөдөлгөм байдаг. «Тангиэта гэдэг хотод байдаг манай бүлэг хоёр жилийн өмнө 9 дэлгэрүүлэгчтэй байсан бол одоо 30 дэлгэрүүлэгчтэй болсон. Бүтэн сайн өдрийн цуглаанд 50–80 хүн ирдэг. Ийм хурдан өсөж байгааг харахлаар юутай ч харьцуулшгүй баяр хөөрийг мэдэрдэг» гэж Эрик ярьсан юм.

Кати Эрик хоёр

ЮУ ХЭЦҮҮ ВЭ?

Бенямин

Дэлгэрүүлэгч хэрэгцээтэй газар үйлчилдэг хүмүүст юу хэцүү байдаг вэ? Ане-Ракелын дүү 33 настай Бенямин 2000 онд Данид байхдаа Тогод үйлчилдэг миссионертэй уулзжээ. Бенямин: «Эхлэгчээр үйлчлэхийг хүсдэгээ хэлтэл тэр миссионер: „Чи Тогод үйлчилж болно шүү дээ“ гэсэн юм» хэмээн дурсав. Тэрбээр энэ тухай бодож үзжээ. «Би тэр үед 20 ч хүрээгүй байлаа. Гэхдээ хоёр эгч маань Тогод үйлчилж байсан болохоор тийшээ явахад хэцүү байгаагүй» гэлээ. Тэгээд нүүжээ. Гэхдээ л бэрхшээл тулгарсан гэнэ. Бенямин: «Ганц ч франц үг мэдэхгүй болохоор эхний зургаан сар хүмүүстэй ярилцаж чадахгүй, үнэхээр аймшигтай байсан» гэлээ. Харин яваандаа хэл сурчээ. Одоо тэрбээр Бенин дэх Бетелд үйлчлэн хэвлэл илгээх, компьютерийн хэлтэст туслах ажил хийж байна.

Мишель Мари-Аниес хоёр

Дээр дурдсан Эрик Кати хоёр Бенинд ирэхээсээ өмнө гадаад хэлний хэсэгт үйлчилж байжээ. Тэгвэл Баруун Африк ямар байсан бол? Кати: «Аятайхан байр олдохгүй хэцүү байсан. Ус, цахилгаангүй байранд хэдэн сар болсон» гэсэн бол, Эрик: «Манай гэрийн ойр хавьд шөнө дунд болтол чанга хөгжим орилуулчихна. Иймэрхүү юмыг тэвчиж сурах хэрэгтэй болдог. Бас юманд амархан дасдаг байх хэрэгтэй» гэлээ. Гэхдээ тэд: «Өмнө нь дэлгэрүүлж байгаагүй шахам газар үйлчлэхлээр ямар сайхан гээч! Янз бүрийн бэрхшээл юу ч биш санагддаг» хэмээн хэлсэн юм.

Францаас ирсэн Мишель Мари-Аниес хоёр одоо 60 орчим настай. Таван жилийн өмнө Бенинд иржээ. Эхлээд их санаа зовж байсан аж. Тэднийг нүүх болоход эрсдэлтэй алхам хийж байна даа гэж зарим хүн боджээ. Мишель: «Ехова биднийг дэмжинэ гэдгийг мэдээгүй бол үнэхээр тийм байсан. Харин бид Еховаг тусална гэж итгээд үйлчлэлээ өргөжүүлэхээр шийдэн ийшээ нүүж ирсэн» гэв.

ӨӨРИЙГӨӨ ЯАЖ БЭЛДЭХ ВЭ?

Дэлгэрүүлэгч хэрэгцээтэй газар үйлчилсэн туршлагатай хүмүүс дараах бэлтгэлийг сайн базаахыг зөвлөж байна. Урьдчилан төлөвлө. Дасан зохицох чадвартай бол. Төсөвлөснөөсөө бүү хэтрүүл. Еховад найд (Лук 14:28–30).

Дээр дурдсан Себастян: «Жоана бид хоёр чөлөөт цагаараа хийх юманд гаргадаг зардлаа багасгаж, шаардлагагүй зүйл худалдаж авахгүй байх зэргээр хоёр жил мөнгө хадгалсан» гэсэн юм. Тэд Бенинд эхлэгчээр үйлчлэхийн тулд жил бүр Европт очиж хэдэн сар ажил хийдэг байна.

Мари-Терез

Баруун Африкт дэлгэрүүлэгч хэрэгцээтэй газар үйлчлэхээр ирсэн 20 орчим ганц бие эмэгтэйчүүдийн нэг нь Мари-Терез юм. Францад автобусны жолооч хийдэг тэрбээр 2006 онд ажлаасаа жилийн чөлөө авч Нигерт эхлэгчээр үйлчлэв. Ингэж л амьдрахыг хүсээд байснаа удалгүй ойлгожээ. «Би Францад очмогцоо ажлын цагаа өөрчлөх талаар захиралтайгаа ярилцсан юм. Захирал маань ч дуртайяа зөвшөөрсөн. Одоо би 5–8 дугаар сард Францад автобус барьж, 9–4 дүгээр сард Нигерт эхлэгчээр үйлчилж байна» гэлээ.

Сафира

Хэрэгтэй бүхнээр нь Ехова хангана гэдэгт Хаанчлалыг эн тэргүүнд тавьдаг хүмүүс итгэж найддаг (Мат. 6:33). Францаас ирсэн Сафирад тохиолдсон явдлыг авч үзье. Хорь хол давсан ганц бие энэ бүсгүй Бенинд эхлэгчээр үйлчлэхийн тулд жил бүр Францад очиж ажил хийдэг ажээ. Тэрбээр 6 дахь жилдээ Африкт үйлчлэх хангалттай мөнгө олох зорилгоор 2011 онд нутагтаа очсон тухайгаа ийн ярьсан юм. «Баасан гаригт ажлын сүүлийн өдөр байлаа. Гэвч ахиад арван өдөр ажиллаж байж хангалттай мөнгө олох байв. Хоёрхон долоо хоноод Францаас явах ёстой байлаа. Учир байдлаа Еховад хэлж залбираад удаагүй байтал ажил олгогч байгууллагаас над руу утасдаж хүний оронд хоёр долоо хоног ажиллахгүй юү гэлээ». Нэг дэх өдөр нь Сафира ажлаа хүлээж авахаар очжээ. Тэрбээр: «Тэр хүн Гэрч байсныг мэдээд ямар их гайхсан гээч! Эхлэгчийн сургуульд сурахаар 10 хоногийн чөлөө авах гэтэл орны хүнээ олж ирэхгүй бол чөлөө өгөхгүй гэж захирал нь хэлсэн юм билээ. Тэгэхлээр нь нөгөө эгч, над шиг, Еховагаас тусламж гуйсан юм байжээ» гэж ярилаа.

СЭТГЭЛ ХАНГАЛУУН АМЬДРАЛЫН ҮНДЭС

Зарим хүн Баруун Африкт олон жил үйлчлээд идээшин дассан байдаг. Зарим нь хэдхэн жил болоод нутаг буцдаг. Гэлээ ч гэсэн хилийн чанадад хэрэгцээ ихтэй газар үйлчилж байсан туршлага нь одоо ч тэдэнд хэрэг болдог. Жинхэнэ ёсоор сэтгэл хангалуун амьдрахын үндэс нь Еховад үйлчлэх явдал гэдгийг тэд ойлгожээ.

^ Бенин дэх салбар франц хэлтэй энэ дөрвөн улс дахь үйл ажиллагааг удирддаг.