Skip to content

Гарчиг руу орох

Таны хөдөлмөрийг Ехова үнэлдэг

Таны хөдөлмөрийг Ехова үнэлдэг

БЕЗАЛЕЛ Охолиаб хоёр барилгын ажлын дөртэй хүмүүс. Египетэд боол байхдаа тоосго цохих хүнд хүчир ажилд нухлагддаг байв. Гэхдээ тэр он жилүүд ард хоцорчээ. Одоо мөргөлийн асар хийх ажлыг удирдах даалгавар авсан болохоор хамгийн шилдэг дархан гэдгээ харуулах ёстой (Ег. 31:1–11). Харин чамин хийцтэй гайхалтай бүтээлийг нь цөөхөн хүн л үзэх байв. Урласан зүйл нь олны хүртээл болохгүй гэхлээр тэр хоёр гонсойх болов уу? Тийм үнэ цэнэтэй биш гэсэн үг үү? Таны хөдөлмөрийг хэн үнэлдэг вэ?

ОЛНЫ ХҮРТЭЭЛ БОЛООГҮЙ ГАЙХАМШИГТ БҮТЭЭЛ

Мөргөлийн асрын тавилга хэрэгсэл уран чамин хийцтэй ажээ. Гэрээний авдар дээр байрлуулсан алтан херубуудыг л гэхэд элч Паул «алдрын херубууд» хэмээн бахдан хэлсэн байдаг (Евр. 9:5). Алтыг давтаж хийсэн херубууд хэчнээн сүрдмээр, хэчнээн гоёмсог байсан бол оо! (Ег. 37:7–9).

Безалел Охолиаб хоёрын урласан бүтээлүүд өнөөдөр байсан бол хамгийн алдартай музейд тавигдаж олныг бишрүүлсэн соёлын үнэт өв болох байсан биз ээ. Гэхдээ тухайн үед тийм чамин бүтээлийг олон хүн үзэх боломжгүй байлаа. Херубууд Ариунаас ариун газар байсан болохоор тэргүүн тахилч жилд ганц л удаа, Эвлэрүүллийн өдрөөр хардаг байв (Евр. 9:6, 7). Тэгэхлээр тун цөөхөн хүний нүдийг хужирласан байх нь ээ.

МАГТААЛ СОНСООГҮЙ Ч СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙХ НЬ

Хэрэв та Безалел Охолиаб хоёрын нэг байгаад, ураа гаргаж хийсэн бүтээлийг тань цөөхөн хүн үзсэнийг мэдсэн бол яах байсан бэ? Ер нь хүмүүс хийж бүтээсэн зүйлдээ сэтгэл хангалуун байхын тулд магтаал сонсохыг хүсдэг. Тэдний хувьд магтаал бол хөдөлмөрийг нь үнэлэх үнэлэмж юм. Еховагийн үйлчлэгчид бол өөр. Безалел Охолиаб хоёрын адилаар Бурхныхаа хүсэл тааллыг биелүүлж сайшаалыг нь хүлээдэгтээ сэтгэл хангалуун явдаг.

Есүсийн үеийн шашны удирдагчид бусдыг бишрүүлэх гэж залбирдаг байв. Харин бид тэгж болохгүй. Есүсийн зөвлөснөөр чин сэтгэлээсээ залбирах ёстой. Тэгсэн цагт «нууцаар харагч Эцэг [маань бидэнд] буцааж төлнө» (Мат. 6:5, 6). Залбирлын маань талаар хүмүүс юу гэж бодох нь чухал биш, Ехова юу гэж бодох нь хамгийн чухал. Еховад үйлчлэхийн төлөө хийж байгаа бүхнийг ч бас тийн хэлж болно. Хүн юу гэж хэлэх нь чухал биш, харин нууцаар харагч Еховагийн таалалд нийцэх нь бидний хувьд туйлын чухал юм.

Мөргөлийн асрыг хийж дуусгасны дараа «үүл бүрхэн, ЭЗЭНий цог жавхлан асрыг дүүргэжээ» (Ег. 40:34). Ехова сайшаасны тодоос тод баталгаа юм. Тэр үед Безалел Охолиаб хоёрт ямар санагдсан бол оо? Бүтээл дээрээ нэрээ сийлээгүй ч Ехова нөр их хөдөлмөрийг нь үнэлснийг мэдээд баярласан нь гарцаагүй (Сур. 10:22). Урлаж хийсэн бүтээлийг нь цэвэр шүтлэгийн төлөө олон жил ашиглахыг хараад Безалел Охолиаб хоёр сэтгэл өег явсан нь лавтай. Тэр байтугай, мөргөлийн асрыг өөрсдөөс нь хойш 500-гаад жил ашигласныг шинэ ертөнцөд амилсныхаа дараа мэдээд магнай нь тэнийх биз ээ.

Даруу байж, чин сэтгэлээсээ хийсэн ажлыг тань хүмүүс мэдэхгүй байлаа ч Ехова мэддэг!

Еховагийн байгууллагад ажилладаг хүүхэлдэйн киноны уран бүтээлч, зураач, хөгжимчин, гэрэл зурагчин, орчуулагч, зохиолчдын юу хийдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Өөрөөр хэлбэл, тэдний ажлыг хэн ч «хардаггүй» гэлтэй. Түүнчлэн дэлхий дахинд буй 110 000 гаруй хуралд хүмүүсийн мэддэггүй олон ажил өрнөж байдаг. Хурлын тайлан тооцоо хариуцдаг хүнийг сарын эцэст тайлан гаргахад, хурлын нарийн бичгийн даргыг дэлгэрүүлэх ажлын тайланг нэгтгэж дүгнэхэд, хэн нэгнийг Хаанчлалын танхимд засвар хийхэд хэн хардаг вэ?

Загвар сайтай, чанар чансаатай бүтээл туурвисныхаа төлөө Безалел Охолиаб хоёр шан харамж, одон медаль, дурсгалын зүйл авч байгаагүй. Гэхдээ харьцуулшгүй үнэтэй шагнал авсан. Энэ бол Еховагийн сайшаал юм. Тийм ээ, Ехова тэднийг ажлаа хийхэд нь цаг үргэлж ажиглаж байсан. Безалел Охолиаб хоёрыг дууриан даруу байж, Бурхандаа чин сэтгэлээсээ үйлчилцгээе.