Skip to content

Яагаад Есүсийн нэрээр залбирах ёстой вэ?

Яагаад Есүсийн нэрээр залбирах ёстой вэ?

ЕСҮС залбирлын тухай байнга заадаг байсан. Тухайн үед иудейн шашны удирдагчид «гол гудамжинд зогсоод залбирдаг» байжээ. Яагаад? «Хүнд харагдах гэж». Их л сүсэг бишрэлтэй болж харагдах гэсэндээ тэгдэг байсан биз ээ. Нэг юмаа дахин дахин давтаж «олон үг хэлснийх нь төлөө» Бурхан сонсоно гэж тэд боддог байсан (Матай 6:5–8). Есүс ингэж залбирахыг утгагүй гэж хэлэн, үүнээс зайлсхийх ёстойг чин сэтгэлтэй хүмүүст анхааруулсан. Гэхдээ яаж залбирах нь буруу вэ гэдгийг хэлээд л болчихоогүй.

Есүс Бурхны нэр ариусаж, Хаант төр нь захирч, хүсэл таалал нь тэнгэрт биелээсэй гэж хүсэн залбирахыг захижээ. Бас хувийн асуудлынхаа талаар залбирч, Бурхнаас тусламж гуйж байгаарай гэж хэлсэн (Матай 6:9–13; Лук 11:2–4). Залбирлынхаа хариуг авъя гэвэл даруу, итгэлтэй, шаргуу гуйдаг байх нь чухал гэдгийг жишээ татан ойлгуулдаг байв (Лук 11:5–13; 18:1–14). Өөрөө ч бас дандаа тэгж залбирдаг байсан болохоор үг нь жинтэй туссан (Матай 14:23; Марк 1:35).

Ингэж заасан учраас шавь нар нь илүү утга учиртай залбирдаг болсон биз ээ. Гэхдээ л дэлхий дэх амьдралынхаа хамгийн сүүлчийн шөнө хүртэл залбирлын тухай чухал зүйлийг заасаар л байсан.

«Залбиралд гарсан том өөрчлөлт»”

Есүс нас барахынхаа өмнөх шөнө үнэнч элч нараа урамшуулан зоригжуулсан. Залбирлын тухай чухал зүйлийг илчлэх цаг болжээ. Есүс: «Би бол зам, үнэн, амь. Надаар дамжихгүйгээр хэн ч Эцэг рүү очихгүй» гэж хэлсэн. Дараа нь «та нар миний нэрээр юу ч гуйсан, Хүү нь Эцгээ алдаршуулах зорилгоор би гуйсныг тань биелүүлнэ. Миний нэрээр юу ч гуйсан, би биелүүлнэ» гэсэн сэтгэл сэргээм амлалт өгсөн юм. Эцэст нь «Өнөөг хүртэл та нар миний нэрээр юу ч гуйгаагүй. Баяр баясгалангаа бялхаахын тулд гуй, гуйснаа та нар авна» гэж хэлжээ (Ёохан 14:6, 13, 14; 16:24).

Эдгээр үгэнд маш чухал санаа агуулагдаж байлаа. Библийн нэгэн толь бичигт үүнийг «залбиралд гарсан том өөрчлөлт» гэж тодорхойлсон байдаг. Бурханд биш, өөрт нь залбираарай гэж Есүс хэлэх гээгүй. Харин Ехова Бурханд ойртох шинэ аргыг зааж өгсөн хэрэг байв.

Бурхан үнэнч үйлчлэгчдийнхээ залбирлыг үргэлж сонсдог нь үнэн (1 Самуел 1:9–19; Дуулал 65:2). Израйлчууд Бурхантай гэрээ байгуулж, ард түмэн нь болсноосоо хойш, залбирлаа сонсгохын тулд Бурхны сонгосон ард түмэн гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байлаа. Бас Соломон хааны үед Бурхны сонгосон газар болох сүмд тахил өргөх ёстойг тэд хүлээн зөвшөөрөх учиртай байв (Дэд хууль 9:29; Шастирын дэд 6:32, 33). Гэхдээ шүтлэгийн ийм тогтолцоо түр зуурынх байсан. Элч Паулын бичсэнээр, израйлчуудад өгсөн хууль болон сүмд өргөдөг байсан тахил нь «ирэх сайн юмсын сүүдэр болохоос жинхэнэ юм биш» байжээ (Еврей 10:1, 2). Сүүдэр нь бодит юмаар солигдох байлаа (Колосай 2:17). МЭ 33 оноос Еховатай харьцах гэж Мосегийн хуулийг сахих шаардлагагүй болсон. Харин хуулиар илчилсэн Нэгэн болох Есүс Христэд дуулгавартай байх эсэхээс шалтгаалдаг болсон (Ёохан 15:14–16; Галат 3:24, 25).

«Бүх нэрээс илүү эрхэм» нэр

Есүс бол Еховад ойртох чухал зам бөгөөд залбирлаа сонсгож, залбирлынхаа хариуг авах замыг бидэнд нээж өгсөн хүчирхэг найз юм. Яагаад бидний төлөө зам болох хэрэгтэй байсан бэ?

Бид нүгэлтэй төрдөг болохоор юу ч хийж, ямар ч тахил өргөсөн, нүглээс ангижирч, ариун Бурхан Еховатай харьцах боломжгүй (Ром 3:20, 24; Еврей 1:3, 4). Харин Есүс хүн төрөлхтнийг Бурхантай эвлэрүүлж, нүглийг нь уучлуулахын тулд төгс хүмүүн амиа золиосолсон (Ром 5:12, 18, 19). Тийм учраас хүн өөрөө хүсвэл Еховагийн өмнө цэвэр мөс чанартай байж, Бурханд «чөлөөтэй» хандаж залбирах боломжтой. Гэхдээ Есүсийн золиосонд итгэдэгээ харуулж, нэрээр нь залбирах учиртай (Эфэс 3:11, 12).

Есүсийн нэрээр залбирдаг бол Бурхны санаа зорилгод Есүсийн гүйцэтгэдэг үүргийн ядаж гуравт нь итгэдгээ харуулна. 1) Есүс «Бурхны Хурга» бөгөөд золиосных нь үндсэн дээр нүгэл уучлагддаг. 2) Ехова түүнийг амилуулж, золиосны ач тусыг хүртээх тэргүүн тахилч болгосон. 3) Залбирч Еховад ойртох цорын ганц «зам» нь Есүс мөн (Ёохан 1:29; 14:6; Еврей 4:14, 15).

Есүсийн нэрээр залбирдаг хүн Есүсийг хүндэтгэдэг. Ингэх нь ч зохистой. Учир нь «хэн бүхэн Есүсийн нэрийг хүлээн зөвшөөрч өвдөг сөгдөнө. Хэл бүр Есүс Христийг Эзэн гэж хүлээн зөвшөөрнө. Үүний дүнд Бурхан Эцэг магтуулна» гэж байдаг. Энэ нь Еховагийн хүсэл (Филиппой 2:10, зүүлт, 11). Есүсийн нэрээр залбирдаг бол хамгийн гол нь бидний төлөө Хүүгээ өгсөн Ехова Бурхныг магтан алдаршуулна (Ёохан 3:16).

Бид амны уншлага болгож биш, чин сэтгэлээсээ залбирах учиртай

Библид бичсэн Есүсийн олон нэр цол хэчнээн чухал байр суурь эзэлдгийг нь харуулдаг. Эдгээрээс бидний төлөө хийсэн, хийж байгаа, хийх гэж байгаа бүхнийг нь ойлгож болно ( « Есүсийн гүйцэтгэдэг чухал үүрэг» гэсэн хавсралтыг үзсэн үү). Үнэхээр ч Есүс «бүх нэрнээс илүү эрхэм нэртэй» болсон юм. * Газар дээрх бүх юмыг захирах эрхийг Бурхан түүнд өгчээ (Филиппой 2:9; Матай 28:18).

Амны уншлага төдий зүйл биш

Еховад залбирлаа сонсгоё гэвэл Есүсийн нэрээр залбирах ёстой (Ёохан 14:13, 14). Гэхдээ «Есүсийн нэрээр» гэдэг үгийг амны уншлага болгож хэрхэвч болохгүй. Яагаад болохгүй вэ?

Нэг жишээ авъя. Та албан захидал хүлээн авлаа гэж бодъё. Захидлын төгсгөлд «Таныг гүнээ хүндэтгэсэн» гэж бичсэн байв. Захидал илгээсэн хүн таныг чин сэтгэлээсээ тэгж хэлсэн гэж бодох уу? Эсвэл захидал бичих соёл жишгийг дагаад тэгж хэлсэн гэж бодох уу? «Есүсийн нэрээр» гэж хэлэн залбирдаг маань албан захидал шиг биш, илүү утга учиртай байх ёстой. Бид «тасралтгүй залбирах» ёстой ч амны уншлага болгож биш, чин сэтгэлээсээ залбирах учиртай (1 Тесалоник 5:17; Дуулал 119:145).

«Есүсийн нэрээр» гэдэг үгийг ёс төдий хэлэхгүйн тулд яах хэрэгтэй вэ? Түүний сайхан зан чанаруудыг эргэцүүлэн бодож болохгүй нь юу билээ? Таны төлөө юу хийснийг, ирээдүйд таны төлөө юу хийх гэж байгааг нь бодоорой. Бидний сайн сайхны төлөө Хүүгээ явуулсан Еховад талархан, магтан алдаршуулж залбираарай. Тэгдэг бол «Та нар миний нэрээр Эцгээс минь юу ч гуйсан, тэрээр та нарт өгөхийг би батлан хэлье» гэсэн Есүсийн амлалтад бат итгэнэ (Ёохан 16:23).

^ «Вайны шинэ гэрээний үгийн тайлбар толь»-д «нэр» гэж орчуулсан грек үгээр эрх мэдэл, зан чанар, байр суурь, алдар хүнд, хүч чадал, давуу тал зэргийг илэрхийлдэг гэж тайлбарлажээ.