Skip to content

Гарчиг руу орох

Бурхны Үгийг судалъя

Христиан хүн ямар учраас баптисм хүртдэг вэ?

Христиан хүн ямар учраас баптисм хүртдэг вэ?

Та энэ өгүүлэлд хөндсөн асуултуудыг бодож явсан байж болох юм. Эдгээр асуултад Библи юу гэж хариулдгийг мэдэж аваарай. Еховагийн Гэрчүүд энэ сэдвээр тантай дуртайяа ярилцана.

1. Баптисмын утга учир юу вэ?

Баптисм хүртэх нь Бурхантай дотно харьцаатай байхыг хүсдэгээ харуулах арга юм. Тиймээс нялх хүүхэд биш, Бурхныг танин мэдэж, Есүсийн шавь болох эсэхээ шийдэж чадах хүн л баптисм хүртдэг (Үйлс 8:12; 1 Петр 3:21). Есүсийн тушаалыг судалж мэдээд, биелүүлдэг болсон цагт шавь нь болдог (Матай 28:19, 20-ийг уншина уу).

Есүсийн элч нарын үед Бурхан болон Есүсийн талаар сурч мэдэхийг хойшлуулаагүй хүн олон байсан. Жишээ нь, нэг хүн Есүс амиа золиосолсны ачаар аврагдах боломжтой болсныг мэдсэн даруйдаа Есүсийн шавь болдог. Өнөө үед ч чин сэтгэлтэй олон хүн Есүсийн дагалдагч болдог (Үйлс 8:26–31, 35–38-ыг уншина уу).

2. Есүс ямар учраас баптисм хүртсэн бэ?

Есүсийг 30 орчим настай байхад нь Баптисм хүртээгч Иохан Иордан голд бүх биеэр нь шумбуулан баптисм хүртээжээ. Есүс Бурхны хүсэл тааллыг биелүүлэхээр шийдсэнээ баптисм хүртэж харуулсан (Еврей 10:7). Мессиа хүн төрөлхтний нүглийн төлөө амиа золиослох учиртай байв. Тэрбээр дэлхийд ирэхээсээ өмнө ч Эцэг Еховагаа хайрлаж, түүнд дуулгавартай байсан (Марк 1:9–11; Иохан 8:29; 17:5-ыг уншина уу).

3. Христиан хүн яагаад баптисм хүртдэг ёстой вэ?

Есүс нүгэлгүй, төгс хүн байсан, харин бид төрөлхийн нүгэлтэй. Гэхдээ Есүсийн золиосны ачаар Бурхантай сайн харьцаа тогтоох боломжтой болдог (Ром 5:10, 12; 12:1, 2). Бас Бурхных болж, гэр бүлд нь багтах завшаан эдэлдэг (2 Коринт 6:18). Ийм боломж эдлэхийн тулд яах хэрэгтэй вэ? Цаашдаа хүсэл тааллыг нь биелүүлж амьдарна гэж амлан өөрийгөө зориулж Еховад залбирах хэрэгтэй. Ийнхүү ганцаарчлан залбирсныхаа дараа өөрийгөө зориулснаа бүх нийтэд харуулж баптисм хүртдэг (Матай 16:24; 1 Петр 4:2-ыг уншина уу).

4. Баптисм хүртье гэвэл яах хэрэгтэй вэ?

Еховагийн Гэрчүүд Бурхантай дотно харьцаа тогтоохыг хүсдэг хэн бүхэнд Библийн хичээл заадаг. Библи судалж, Еховагийн Гэрчүүдийн цуглаанд очдог бол Бурхныг хайрлах хайр лавширч, итгэл бэхэжнэ. Бас өөдрөг үзэл, зөв зуршилтай болно. Еховад таалагддаг хайр, итгэл гэх мэтийн зан чанарыг хөгжүүлбэл үүрд мөнх үйлчилнэ гэж амласандаа хүрч чадна (Иохан 17:3; Еврей 10:24, 25-ыг уншина уу).

Нэмэлт мэдээллийг Еховагийн Гэрчүүдийн гаргасан энэ номын 18-р бүлгээс үзнэ үү.