Skip to content

Нэр томьёоны тайлбар

Нэр томьёоны тайлбар

Еховагийн Гэрчүүдийн үйл ажиллагааны талаарх мэдээ мэдээллийг олон нийтэд түгээх хүсэлтэй хүн бүхэнд талархал илэрхийлье. Манай шашны байгууллагад хэрэглэдэг нэр томьёоны утгыг доор тайлбарлалаа. Энэ тайлбарт ороогүй нэр томьёоны талаар мэдэхийг хүсвэл тухайн харьяа нутгийнхаа Еховагийн Гэрчүүдийн салбар байгууллагад хандана уу.

Ажлын өдөр болдог цуглаан Ажлын аль нэг өдрийн орой долоо хоног бүр болдог цуглаан. «Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг» гэсэн нэртэй энэ цуглаан гурван хэсэгтэй бөгөөд Гэрчүүдэд Библиэс мэдэж авсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэхэд нь, Библийн сургаалыг сайн заадаг болоход нь тустай хөтөлбөрүүдээс бүрддэг. Еховагийн Гэрчүүдийн бусад цуглааны нэгэн адил үнэ төлбөргүй, ямар ч хураамж авдаггүй. Цуглаанд биечлэн эсвэл онлайнаар оролцох боломжтой.

Амралтын өдөр болдог цуглаан Долоо хоног тутмын амралтын өдөр болдог цуглаанд Библид үндэслэсэн 30 минутын илтгэл тавигддаг. Илтгэлийн дараах хэсэг болох «Харуулын цамхаг» судлалаар Библид үндэслэсэн өгүүллийг асуулт хариултын журмаар хэлэлцэн явуулдаг. Хугацаа нь нэг цаг. Еховагийн Гэрчүүдийн бусад цуглааны нэгэн адил үнэ төлбөргүй, ямар ч хураамж авдаггүй. Цуглаанд биечлэн эсвэл онлайнаар оролцох боломжтой.

Ахан дүүсийн барилдлага Дэлхий дахинд буй Еховагийн Гэрчүүдийн нөхөрлөл, нэгдмэл байдал (1 Петр 5:9).

Ахлагч Хурлын хүн бүрд санаа тавих, заавар зөвлөгөө өгөх, анхаарах үүрэг хүлээдэг төлөвшсөн Гэрч эрэгтэйг хэлнэ. Ахлагч нь 1 Тимот 3:1–7; Тит 1:5–9; Яаков 3:17, 18 болон 1 Петр 5:2-т бичигдсэн шаардлагыг хангасан байх ёстой. Ахлагч нь Еховагийн Гэрчүүдийн байгууллага болон хурлын ажлыг хийсний төлөө цалин хөлс авдаггүй. Харин ажил хөдөлмөр эрхэлж гэр бүлийнхээ хэрэгцээг хангадаг. Ахлагч гэдэг нь цол хэргэм биш юм. Гэрчүүдийн дунд цол хэргэм анги давхаргын ялгаа гэж байхгүй.

Бетел, Бетелийн гэр бүл, бетелчин «Бетел» гэдэг нь Бурхны өргөө гэсэн утгатай еврей үг юм. Тухайн бүс нутгийн Еховагийн Гэрчүүд Библийн зарчмын дагуу явуулдаг үйл ажиллагаагаа удирдан чиглүүлдэг төвөө Бетел гэж нэрлэдэг. Энд үйлчилдэг Еховагийн Гэрчийг «бетелчин» гэнэ. Бетелчид яг л гэр бүл шиг хамтдаа амьдарч, ажиллаж, Бурхнаа шүтдэг. Тиймээс тэднийг «Бетелийн гэр бүл» гэдэг. Бетелчин гэдэг нь цол хэргэм биш юм.

Библийн «Шинэ ертөнц» орчуулга Еховагийн Гэрчүүд Еврей Судар (Хуучин Гэрээ) болон Грек Судрыг (Шинэ Гэрээ) бүтнээр нь орчуулсан бөгөөд «Шинэ ертөнц» орчуулга гэж нэрлэсэн.

 Бүсийн чуулган Хурлуудыг байршлаар нь хувааж бүсчилсэн хэсгийн хурлууд хамрагддаг цуглаан. Энэ нь жил бүр хоёроос гурван өдөр үргэлжилдэг. Еховатай дотно болоход туслах зорилгоор зохион байгуулагддаг уг цуглаан нь үнэ төлбөргүй, олон нийтэд нээлттэй. Хөтөлбөрт нь Библийн зөвлөгөөний ач тусыг хүртэхэд нь бүх насныханд тустай хэсгүүд багтдаг. Библид гардаг болон орчин үеийн хүмүүсийн амьдралыг харуулсан зохиомжууд нь Библийн зарчмыг амьдралдаа хэрэгжүүлж сурахад тустай. Ихэвчлэн томоохон цэнгэлдэх хүрээлэн, чуулганы танхимуудад зохион байгуулагддаг. Цөөн хүн амтай бүс нутгийн чуулган заримдаа Еховагийн Гэрчүүдийн чуулганы танхимд болдог. Ихэвчлэн баасан, бямба, ням гарагт зохион байгуулагддаг бөгөөд сүүлийн жилүүдэд бичлэгийг нь онлайнаар үзэх боломжтой болсон.

Гилеад, Гилеад сургууль Харуулын Цамхаг Нийгэмлэгийн «Гилеад» Библийн сургууль нь 1943 онд анх миссионеруудыг сургах зорилгоор байгуулагджээ. Сургуульд сурах урилга авсан Еховагийн Гэрчүүд таван сар үргэлжлэх энэхүү сургалтаар Библийг гүн гүнзгий, нямбай судалдаг.

Гэрч эмэгтэй, Гэрч эрэгтэй Баптисм хүртсэн Еховагийн Гэрч. Энэ нь цол хэргэм биш юм.

 Дүүргийн чуулган Тухайн дүүрэгт харьяалагддаг хурлууд жилд хоёр удаа цугладаг. Дүүргийн чуулган нь олон нийтэд нээлттэй бөгөөд Бурхантай ойр дотно болоход нь хүмүүст туслах зорилготой. Хөтөлбөрт нь Библийн зөвлөгөөний ач тусыг хүртэхэд нь бүх насныханд тустай хэсгүүд багтдаг. Библийн зарчмыг өдөр тутмын амьдралдаа хэрхэн баримталж болохыг харуулсан богино хэмжээний үзүүлбэрүүд бас орсон байдаг. Голдуу Еховагийн Гэрчүүдийн чуулганы танхимд болдог бөгөөд онлайнаар ч үзэх боломжтой. Ихэвчлэн амралтын өдрүүдэд зохион байгуулагддаг.

Дүүрэг Еховагийн Гэрчүүдийн хурлуудыг байршлаар нь зохион байгуулж хуваасан хэсгийг дүүрэг гэнэ.

Дүүрэг хариуцагч Тухайн салбарынхаа удирдлага дор жилд хоёр удаа хурлуудад эргэлт хийдэг туршлагатай ахлагчийг хэлнэ. Гэрлэсэн бол эхнэртэйгээ хамт хурлуудад эргэлт хийдэг. Тэрбээр хурлын хүмүүсийг урамшуулан зоригжуулахаас гадна ахлагчид болон туслах үйлчлэгчдэд заавар зөвлөгөө өгч, дэмжин тусалдаг. Дүүрэг хариуцагч тодорхой хөтөлбөрийн дагуу хурал болгонд тохирсон удирдамж заавар өгдөг. Дүүрэг хариуцагч гэдэг нь цол хэргэм биш юм.

Дэлгэрүүлэгч Еховагийн Гэрчүүдийн хурлын дэлгэрүүлэх ажилд албан ёсоор оролцдог хүн. Тэрээр Библийн үндсэн сургаалын талаарх мэдлэгтэй, тэрхүү сургаалдаа итгэдэг, Бурхны тогтоосон зарчмын дагуу амьдардаг байх ёстой. Дэлгэрүүлэгч нь Еховагийн Гэрчүүдийн байгууллагын эсвэл хурлын ажилтан биш бөгөөд цалин хөлс авдаггүй. Дэлгэрүүлэгч гэдэг нь цол хэргэм биш юм.

 Дэлгэрүүлэх ажил Бурханд үйлчлэх нэг арга. Хурлаас зохион байгуулдаг дэлгэрүүлэх ажилд оролцох эсвэл хувиараа дэлгэрүүлэхийг хэлнэ. «Хаант төрийн тухай энэхүү сайн мэдээг бүх үндэстэнд гэрчлэл болгон дэлхий даяар» түгээн дэлгэрүүл гэсэн Есүсийн тушаалын дагуу энэ ажлыг хийдэг (Матай 24:14; 28:19).

Есүс Христ Бурхны ууган Хүү. Еховагийн Гэрчүүд Есүсийг өөрсдийн тэргүүнээ гэж үзэн түүний жишээг дуурайж сургаалыг нь дагахыг хичээдэг. Гэрчүүд Есүсийг дэлхий дээр амьдарч байсан хамгийн агуу хүн, Еховагийн хамгийн агуу Гэрч гэж үздэг. Мөн Ехова Бурхан хүн төрөлхтнийг аврахад гол үүргийг Есүс гүйцэтгэнэ гэдэгт итгэдэг (Исаиа 9:6, 7; Илчлэл 1:5).

Ехова Бүтээгч Бурхны нэр бөгөөд Библид бичсэнээр «бүх дэлхийн Хамгийн Дээд Нэгэн» юм (Дуулал 83:18). Еховагийн Гэрч хүнийг «Еховачин», «Еховагийнхан» гэх мэт нэрлэхгүй.

 Еховагийн Гэрчүүд Ехова Бурхныг шүтдэг Христийн дагалдагч болох тэд Библийн сургаалыг янз бүрийн хэлбэрээр түгээн дэлгэрүүлэх ажилд идэвхтэй оролцдог. Энэ ажлын гол зорилго нь Бурхны Хаант төр буюу Бурхны засгийн газрын тухай сайн мэдээг бусдад хүргэх явдал юм (Матай 24:14). Тэд энэхүү оноосон нэрээрээ бусад шашнаас ялгардаг бөгөөд Бурхнаар овоглож, Бурхны нэрийн төлөө сайн дураараа үйлчилдэг гэсэн үг. Еховагийн Гэрч болохыг хүссэн хэн боловч Библийн үндсэн сургаалыг ойлгож, Еховагийн Гэрчүүдийн дэлгэрүүлэх ажилд оролцох шаардлага хангасан байдаг. Бас Бурханд өөрийгөө зориулж баптисм хүртсэн байх ёстой. Ном хэвлэлд Еховагийн Гэрчүүдийн талаар бичихдээ нэр нь гарах эхний тохиолдолд албан ёсны бүтэн нэрийг нь хэрэглэнэ. Дараа нь «Гэрчүүд» гэж бичиж болдог. Хувь хүнийг «Гэрч» эсвэл «Еховагийн Гэрч» гэдэг (Исаиа 43:10).

Еховагийн Гэрчүүдийн цуглааны танхим Еховагийн Гэрчүүдийн цуглаанаа хийдэг шүтлэгийн газар. Нэг эсвэл хэд хэдэн хуралд зориулагдсан байдаг. Голдуу «цуглааны танхим» гэж нэрлэгддэг. «Сүм» гэж нэрлэхгүй байхыг хүсье.

Еховагийн Гэрчүүдийн чуулганы танхим Шүтлэгийн арга хэмжээгээ явуулдаг Еховагийн Гэрчүүдийн томоохон танхим. Тухайн нутаг дэвсгэрт харьяалагддаг хурлууд чуулахаараа цугладаг бөгөөд чуулганы танхим гэж нэрлэх нь бий.

«Еховагийн Хаант төрийг тунхаглагч Харуулын цамхаг» Энэ нь Еховагийн Гэрчүүдийн эрхлэн гаргадаг сэтгүүлийн албан ёсны бүтэн нэр юм. Мөн «Харуулын цамхаг» сэтгүүл гэж нэрлэдэг. Энэхүү нэр нь Бурхны санаа зорилго хэрхэн хэрэгжиж байгаад анхаарлаа хандуулан сонор сэрэмжтэй байхад нь уншигчдад туслах гэсэн санаанаас үүдэлтэй (Езекиел 33:7; Матай 24:42). «Харуулын цамхаг» сэтгүүлийн нийтэд зориулсан дугаар нь сонирхсон хүмүүст үнэ төлбөргүй тараагддаг. Харин судлахад зориулсан дугаарыг дэлхийн өнцөг булан бүрд буй хурлууд долоо хоног тутмынхаа цуглаанаар асуулт хариултын журмаар хэлэлцдэг. «Харуулын цамхаг» сэтгүүл 1879 оноос хойш тасралтгүй хэвлэгдэж байгаа бөгөөд дэлхийд сар бүр хамгийн олон тоогоор тараагддаг сэтгүүл юм.

 Олон улсын чуулган Еховагийн Гэрчүүдийн янз бүрийн улс орон, хотуудад явуулдаг гурван өдрийн томоохон чуулган. Энэ нь хэдэн жилд нэг удаа тогтмол болдог бөгөөд тус чуулганаар Еховагийн Гэрчүүд хамтдаа Библид үндэслэсэн хөтөлбөр сонсож, Бурхнаа шүтдэг. Бусад улс орнуудын Гэрчүүд энэ чуулганд зочноор уригддаг. Уг чуулган олон нийтэд нээлттэй бөгөөд оролцсон хүмүүсийг Бурхантай улам дотно болоход нь туслахаас гадна дэлхий дахины Еховагийн Гэрчүүдийн эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой. Олон улсын чуулганыг цэнгэлдэх хүрээлэн болон томоохон хэмжээний байгууламж түрээслэн баасан гаргаас ням гаргийн хооронд явуулдаг.

Сайн мэдээ дэлгэрүүлэх  Дэлгэрүүлэх ажил гэснийг үзнэ үү.

Салбар Салбар нь харьяа газрынхаа Еховагийн Гэрчүүдийн шашны үйл ажиллагааг удирдаж, тусалж дэмждэг газар юм.

Салбарын хороо Салбарын хороонд гурав буюу түүнээс дээш ахлагч томилогдон ажилладаг бөгөөд байгууллагынхаа тухайн салбарт харьяалалтай Еховагийн Гэрчүүдийн үйл ажиллагааг зохицуулдаг.

«Сэрцгээ!» Еховагийн Гэрчүүдийн эрхлэн гаргадаг сэтгүүл. Анх 1919 оноос «Алтан үе» нэртэй гарч эхэлсэн бөгөөд 1937 онд «Тайвшрал» нэртэй болж, улмаар 1946 оны 8-р сарын 22-нд «Сэрцгээ!» нэртэй болжээ. Библид бичигдсэний дагуу маш чухал цаг үед амьдарч байгааг нь уншигчдад ойлгуулахын тулд «Сэрцгээ!» нэрийг сонгожээ.

Туслах үйлчлэгч Хурлын ахлагчдад туслахаар томилогдсон Бурхантай тогтоосон харьцаагаа эрхэмлэдэг Гэрч эрэгтэй. Туслах үйлчлэгчээр үйлчлэхийн тулд 1 Тимот 3:8–10, 12, 13; Тит 2:2, 6–8-д бичигдсэн шаардлагуудыг хангасан байх ёстой. Туслах үйлчлэгч нь хурлын зохион байгуулалт болон бусад үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Мөн цалин хөлс авдаггүй бөгөөд Еховагийн Гэрчүүдийн байгууллагын эсвэл хурлын ажилтан биш юм. Бусдын нэгэн адил туслах үйлчлэгч ч гэр бүлийнхээ хэрэгцээ шаардлагыг хангахын тулд ажил хөдөлмөр эрхэлдэг. Шаардлага хангасан туслах үйлчлэгч ахлагчаар томилогддог. Туслах үйлчлэгч гэдэг нь цол хэргэм биш юм.

Удирдах Зөвлөл Энэ нь цөөн хэдэн ахлагчаас бүрдэнэ. Тэд дэлхийн өнцөг булан бүрд буй Еховагийн Гэрчүүдийг Бурхантай дотно байхад нь тусалдаг. Библид үндэслэсэн ном хэвлэлийг бэлтгэх ажлыг удирдан гар бие оролцдог. Мөн Гэрчүүдийн дэлхий даяар явуулдаг үйл ажиллагааг зохицуулахад удирдах үүрэг гүйцэтгэдэг. Зөвхөн Есүсийг Еховагийн Гэрчүүдийн тэргүүн гэж тэд үздэг. Удирдах Зөвлөл нь АНУ-н Нью-Йорк мужийн Уорвик дахь Еховагийн Гэрчүүдийн байгууллагын төвд байдаг.

Христийн нас барсныг дурсах цуглаан Есүсийн нас барсныг дурсан тэмдэглэдэг уг арга хэмжээ нь Еховагийн Гэрчүүдийн хувьд хамгийн чухалд тооцогддог. Үүнийг жил бүр тэмдэглэдэг бөгөөд Эзний оройн зоог ч гэдэг. Христ зөвхөн энэ өдрийг л дурсан тэмдэглэж байхыг дагалдагчдадаа тушаасан (Лук 22:19, 20).

Хурал Энэ нь Бурхнаа хамтдаа шүтэхийн тулд тогтмол цугладаг Еховагийн Гэрчүүдээс бүрдсэн бүлэг хүмүүс юм. Библид үндэслэсэн хөтөлбөрийн дагуу хуралд бүхэлд нь болон хүн нэг бүрд заавар зөвлөгөө өгөх үүргийг ахлагчдын зөвлөл хүлээдэг. Цуглаанууд нь олон нийтэд нээлттэй.

Чуулган  Олон улсын чуулган,  бүсийн чуулган,  дүүргийн чуулганыг үзнэ үү.

Эхлэгч Сар тутам тодорхой тогтсон цагийг дэлгэрүүлэх ажилд зориулдаг Гэрч. Жил бүр 600 цаг буюу сар бүр 50 цаг дэлгэрүүлдэг Гэрчийг байнгын эхлэгч гэж нэрлэдэг. Сар бүр 15 юм уу 30 цагаар нэг сар эсвэл хэд хэдэн сарын турш дэлгэрүүлдэг Гэрчийг туслах эхлэгч гэдэг. Тэд цалин хөлс авдаггүй бөгөөд Еховагийн Гэрчүүдийн байгууллагын эсвэл хурлын ажилтан биш юм. Ихэнх эхлэгч ажил хөдөлмөр эрхэлдэг. Эхлэгч гэдэг нь цол хэргэм биш юм.

ЖИЧ: Еховагийн Гэрчүүдийн талаар мэдээлэхдээ нэр нь гарах эхний тохиолдолд бүтэн нэрийг нь хэрэглэнэ үү.  Еховагийн Гэрчүүд гэснийг үзнэ үү.