Skip to content

Гарчиг руу орох

ХОЁРДУГААР БҮЛЭГ

«Тэрээр Бурхантай хамт явж» байсан

«Тэрээр Бурхантай хамт явж» байсан

1, 2. Ноагийнхан юу хийж байсан бэ? Ямар бэрхшээл тулгарсан бэ?

НОА биеийнхээ чилээг гаргах гэж нуруугаа тэнийлгэв. Түр амсхийхээр гуалин дээр суугаад хөвөгч авдраа харна. Халуун давирхайн хурц үнэр хамар цоргиж, багажны дуу цуурайтан сонсдоно. Хөвгүүд нь хөвөгч авдар хийх энэ нүсэр ажилд сэтгэлээ зориулж, хайрт эхнэр, гурван бэр нь ч олон арван жил гар нийлэн зүтгэж байна. Их ажлын ард гарсан ч амжуулах юм их байлаа.

2 Хөвөгч авдрыг хараад хүмүүс тэднээр доог тохуу хийнэ. Дэлхий дахиныг хамарсан үер болно гэж Ноаг сэрэмжлүүлэхэд хөх инээд нь хүрч, шоолцгооно. Ийм дэмий юманд ажил амьдралаа алдах гэж дээ хэмээн халаглана. Харин Ноагийн Бурхан Ехова тэднээс тэс өөр бодолтой байв.

3. Ноа «Бурхантай хамт явж» байсан гэдгийг юу гэж ойлгох вэ?

3 Ноаг «Бурхантай хамт явж» байсан гэж Библид бичжээ (Эхлэл 6:10-ыг уншина). Үүнийг юу гэж ойлгох вэ? Бурхан дэлхий дээр байсан гэсэн үг биш. Бас Ноаг тэнгэрт гарсан гэж ойлгож болохгүй. Харин Ноа Еховаг үнэн голоосоо хайрлаж, дуулгавартай байсан учраас найзууд шиг дотно байсан гэсэн үг. Түүний тухай хэдэн мянган жилийн дараа Библид бичихдээ «Ноа ийн итгэснээрээ ертөнцийг буруутгасан» гэжээ (Евр. 11:7). Энэ нь ямар утгатай вэ? Бат итгэлтэй Ноагаас бид юу сурах вэ?

Харгис нийгэм дэх гэм зэмгүй хүн

4, 5. Ноагийн үед юунаас болж ёс бус явдал гаарсан бэ?

4 Ноагийн амьдарч байсан нийгэм улам бүр завхарч байлаа. Тэртээ өмнө өвөг эцэг Енохынх нь үед ч муу муухай явдал тархсан байв. Бурхантай хамт явж байсан Енох «бүх нүгэлтнийг» удахгүй шүүх тухай зөгнөжээ. Хүчирхийлэл, ёс бус явдал Ноагийн үед гаарч «Бурхны өмнө газар дэлхий завхарчээ» (Эх. 5:22; 6:11; Юуда 14, 15). Чухам юунаас болоод завхран гажуудсан бэ?

5 Бурхны хөвгүүд болох тэнгэрийн элчүүдийн зарим нь аймшигтай явдалд орооцолджээ. Үүнээс бүр өмнө нэг тэнгэрийн элч Еховад тэрсэлсэн. Тэрээр Еховаг гүтгэн Адам Еваг хуурч Сатан Диавол гэдэг нэр авчээ. Ноагийн үед зарим тэнгэрийн элч бас Еховад тэрслэв. Тэнгэрийн үүрэгт ажлаа орхиод, хүний биетэй болж, сайхан бүсгүйчүүдийг эхнэрээ болгосон. Бардам зантай, аминч үзэлтэй тэднийг хүмүүс дуурайж байлаа (Эх. 6:1, 2; Юуда 6, 7).

6. Нефилимүүдээс болж байдал ямар болсон бэ? Ехова яахаар шийдсэн бэ?

6 Хүний биетэй болсон тэнгэрийн элчүүд эмэгтэйчүүдтэй гэрлэсэн нь гаж явдал байлаа. Тэдний дундаас аварга биетэй, ер бусын хүчтэй хүүхдүүд төржээ. Библид тэднийг нефилим гэдэг. Энэ үг «бусдыг унагаагч» гэсэн утгатай. Харгис хэрцгий, балмад танхай нефилимүүдээс болж байдал урьд хожид байгаагүйгээр дордов. «Дэлхий дээрх хүмүүсийн бузар гэм нь үлэмж их, бас тэдний сэтгэл санаа, хүсэл бодол бүхэн нь ямагт муухай болсныг» Бурхан хараад 120 жилийн дараа устгахаар шийджээ (Эхлэл 6:3–5-ыг уншина).

7. Хөвгүүдээ муу нөлөөнд автахаас хамгаалах нь Ноа болон түүний эхнэрт яагаад хэцүү байсан бэ?

7 Ёс бус явдлаар дүүрсэн нийгэмд хүүхэд өсгөн хүмүүжүүлэх нь хэчнээн хэцүү байсан бол оо! Харин Ноа энэ амаргүй даалгаврыг биелүүлсэн. Тэрээр сайн эхнэртэй байв. Ноаг 500 хүрэхэд эхнэр нь Шем, Хам, Иафет гэдэг гурван хүү төрүүлж өгчээ. * Эцэг эхийн үүргээ биелүүлж хөвгүүдээ эргэн тойрныхоо муу нөлөөнөөс хамгаалах хэрэгтэй байлаа. Ер нь эрэгтэй хүүхэд «хүчтэй, баатарлаг», «алдарт хүмүүсийг» дуурайх дуртай. Тиймээс хүүхдүүд нефилимүүдийг шүтэн биширдэг байсан бололтой. Аварга биетнүүдийн хийсэн зодоон цохион, дээрэм тонуулын тухай хаа сайгүй ярьдаг байсан нь тодорхой. Ноа энэ бүхнээс хөвгүүдээ цаг үргэлж хамгаалах аргагүй байсан ч чадах бүхнээ хийсэн байх. Ехова муу муухай бүхнийг үзэн яддагийг зааж сургасан нь лавтай. Бас хүчирхийлэл, тэрс явдлаас болж «сэтгэл зүрхэндээ гашууддагийг» нь хөвгүүддээ ойлгуулсан биз ээ (Эх. 6:6).

Ноа болон түүний эхнэр хөвгүүдээ муу нөлөөнөөс хамгаалах хэрэгтэй байв

8. Ухаалаг эцэг эхчүүд Ноа болон түүний эхнэрийг яаж дуурайх вэ?

8 Ноа болон түүний эхнэрт тулгарч байсан бэрхшээл өнөөгийн эцэг эхчүүдэд ч тулгардаг. Бидний амьдарч буй нийгэмд хүчирхийлэл газар авч, тэрс үзэл давамгайлах болсон. Танхай хүүхдүүд олширч байна. Тэр байтугай багачуудын үзэж харж, уншиж сонирхдог зүйл зодоон цохион, харгис явдлаар дүүрэн болжээ. Ухаалаг эцэг эхчүүд энэ бүхнээс үр хүүхдээ хамгаалахын тулд амар амгалангийн Бурхан Еховагийн тухай зааж сургадаг. Ехова удахгүй бүхий л хүчирхийллийг үгүй болгоно (Дуу. 11:5; 37:10, 11). Ёс бус нийгэмд амьдардаг ч хүүхдээ зөв юм хийдэг хүн болгож хүмүүжүүлэх боломжтой! Ноа эхнэртэйгээ амжилтад хүрсэн. Хөвгүүд нь сайн хүн болсон төдийгүй Ехова Бурхныг эн тэргүүнд тавьдаг бүсгүйчүүдтэй гэрлэжээ.

«Хөвөгч авдар хий»

9, 10. а) Ехова Ноад ямар тушаал өгсөн бэ? б) Ехова хөвөгч авдрын загвар, зорилгын талаар Ноад юу гэж хэлсэн бэ?

9 Нэгэн өдөр Ноагийн амьдрал эрс өөрчлөгдсөн. Ехова тухайн үеийн нийгмийг устгах гэж байгаагаа Ноад хэлэв. «Хуш модоор өөртөө хөвөгч авдар хий» гэж бас тушаажээ (Эх. 6:14).

10 Зарим хүн хөвөгч авдрыг хөлөг онгоц гэж боддог ч үнэндээ тийм биш юм. Хөлөг онгоцтой адил хошуу, хитэг, залууртай байгаагүй. Ехова Ноад хөвөгч авдрын хэмжээ, загварыг нарийн зааж өгсөн. Түүнчлэн дотор гадаргүй давирхай түрхэхийг тушаасан. Тэгээд учрыг нь тайлбарлан «Би газар дэлхийд үер буулгаж, ... газар дээр байгаа бүхэн үхнэ» хэмээжээ. Харин Ноатай гэрээ байгуулж «Чи өөрийн хөвгүүд, эхнэр, бэрүүдтэй хамт тэр хөвөгч авдарт орох болно» гэж хэлсэн. Ноа бас амьтан бүрээс авч орох ёстой байв. Зөвхөн хөвөгч авдарт орсон хүн амьтан усан галавыг эсэн мэнд давах байлаа (Эх. 6:17–20).

Ноагийнхан Еховагаас авсан даалгавраа хамт биелүүлсэн

11, 12. Ноад ямар ажил оногдсон бэ? Ажилдаа яаж хандсан бэ?

11 Ноад ярвигтай ажил оногджээ. Хөвөгч авдрын урт нь 133 метр, өргөн нь 22 метр, өндөр нь 13 метр байв. Орчин үеийн хамгийн том модон хөлөг онгоцноос ч хавьгүй том гэсэн үг. Ноа энэ ажлаас хойш суухыг оролдсон уу? Эсвэл зовлон тоочсон уу? Зааврыг өөрчилж биеийн амрыг харсан уу? Үгүй. «Ноа тийнхүү үйлдэж, Бурханы өөрт нь тушаасан бүхнийг ёсоор гүйцэтгэжээ» гэж Библид байдаг (Эх. 6:22).

12 Хөвөгч авдрыг 40–50 жил хийсэн бололтой. Мод тайрч хөрөөдөн банз дүнз бэлтгэж, хооронд нь бэхэлж зангиджээ. Хөвөгч авдар гурван давхар, олон тасалгаатай, хажуу талдаа хаалгатай, дээд хэсэгтээ олон цонхтой байв. Бас дээр нь ус тогтоохгүйн тулд бага зэргийн шовх оройтой хийсэн бололтой (Эх. 6:14–16).

13. Ноа хөвөгч авдар хийхээс ч хэцүү ямар даалгавар авсан бэ? Хүмүүс яаж хүлээж авсан бэ?

13 Он жил өнгөрсөөр. Ноа гэрийнхнийхээ тус дэмээр хөвөгч авдар хийх ажлаа урагшлуулж байлаа. Гэхдээ тэрээр хөвөгч авдар хийхээс ч хэцүү бас нэг даалгавар авсан. Ноаг «шударга сайныг тунхагласан» гэж Библид бичжээ (2 Петр 2:5-ыг уншина). Ёс бус, завхран гажуудаж буй нийгэм удахгүй устгагдахыг зоригтой тунхаглаж байлаа. Хүмүүс яаж хүлээж авсан бэ? «Тэд анхаараагүй» гэж Есүс Христ хэлжээ. Идэж уун, гэрлэж бараалах зэргээр өдөр тутмын амьдралаа л анхаарч Ноагийн сэрэмжлүүлгийг тоогоогүй (Мат. 24:37–39). Доог тохуу хийдэг хүн олон байжээ. Зарим нь айлган сүрдүүлж, хүч хэрэглэсэн ч байж болох юм. Тэр байтугай хөвөгч авдар хийх ажлыг нь болиулах гэж оролдсон байж мэднэ.

Бурхан Ноаг ивээж байгаа нь илт байсан ч хүмүүс түүнийг доромжилж, мэдээг нь сонсоогүй

14. Гэр бүлүүд Ноагийнхнаас юу сурч болох вэ?

14 Ноагийнхан хэзээ ч бууж өгөөгүй. Хүмүүс тэднийг дэмий юманд амьдралаа үрж байна гэж үзсэн ч тэд ажлаа зогсоогоогүй. Гэр бүлүүд бат итгэлтэй Ноагийнхнаас их юм сурч болно. Бид бас өнөөгийн ертөнцийн «эцсийн өдрүүдэд» амьдардаг (2 Тим. 3:1). Өнөө үе Ноагийн үетэй адил байхыг Есүс зөгнөсөн. Хүмүүс Бурхны Хаант төрийн тухай сайн мэдээг тоохгүй, биднийг доромжилж, эсэргүүцсэн үед Ноаг санах хэрэгтэй. Ноад ч гэсэн ийм бэрхшээл тулгарч байсан шүү дээ.

«Хөвөгч авдарт ор»

15. 600 орчим настай байхад нь Ноад юу тохиолдсон бэ?

15 Олон жил хөдөлмөрлөсний эцэст хөвөгч авдар хийх ажил дуусах шатандаа оров. Ноа 600 орчим настай байхдаа дотнын хүмүүсээсээ хагацжээ. Эхлээд эцэг Ламех нь нас барсан. * Таван жилийн дараа Ноагийн өвөө, Ламехын эцэг Метусела 969 насандаа таалал төгсжээ. Тэрээр Библид гардаг хамгийн урт насалсан хүн юм (Эх. 5:27). Метусела Ламех хоёр анхны хүн Адамыг амьд байхад төрсөн хүмүүс билээ.

16, 17. а) Ехова Ноаг 600 настай байхад нь юу гэж тушаасан бэ? б) Мартахын аргагүй ямар үйл явдал болсон бэ?

16 Ноаг 600 настай байхад Ехова: «Чи болон чиний бүх гэр бүлийнхэн энэ хөвөгч авдарт ор» гэж тушаав. Бас тахил өргөхөд зориулсан цэвэр амьтны төрөл бүрээс долоо долоог эр эмээр нь, бусад амьтны төрөл бүрээс хоёр хоёрыг эр эмээр нь авч ор гэжээ (Эх. 7:1–3).

17 Жигүүртэн шувуу, зэрлэг араатан, хорхой шавьж гээд төрөл бүрийн амьтан мянга мянгаараа хөвөгч авдар луу тал бүрээс цувж байлаа. Энэ нь мартахын аргагүй үйл явдал байсан нь лавтай. Зэрлэг амьтдын арга эвийг олж хөвөгч авдарт оруулах нь Ноад амаргүй байсан биз ээ. «Хос хосоороо Ноад очиж, хөвөгч авдарт нь оржээ» гэж Библид бий (Эх. 7:9).

18, 19. а) Ноагийн түүхийг уншаад зарим хүнд ямар бодол төрж болох вэ? Тийм хүнд юу гэж хариулах вэ? б) Амьтдыг хэрхэн аварснаас нь Еховагийн талаар юу мэдэж болох вэ?

18 Зарим хүн: «Ийм олон амьтныг нэг дор хашиж чадсан л юм байх даа. Ёстой бүтэхгүй» гэх байх. Бодоод үзье. Орчлонт ертөнц дэх бүхнийг бүтээсэн Бурханд амьтдыг захирч, шаардлагатай бол номхруулах нь хэцүү гэж үү? Хожим нь Улаан тэнгисийг хувааж, нарыг зогсоож байсан шүү дээ. Тиймээс усан галавын тухай Библид бичсэн бүхнийг Ехова Бурхан үнэхээр хийсэн гэдэгт бат итгэж болно.

19 Бурхан амьтдыг өөр аргаар аварч болох л байсан. Гэхдээ амьтдыг арчилж хамгаалах үүргийг хүнд өгсөн билээ. Тиймээс энэ үүргээ биелүүлэх боломжийг хүмүүст олгосон нь Еховагийн мэргэн ухааны илрэл юм (Эх. 1:28). Ехова бүх бүтээлээ, түүний дотор амьтдыг ч хайрладгийг, хүүхдэдээ зааж өгөхдөө Ноагийн түүхийг ярьж өгдөг эцэг эх олон.

20. Усан галав болохын өмнөх долоо хоногт Ноагийнхан юу хийсэн байж болох вэ?

20 Усан галав долоо хоногийн дараа юүлэхийг Ехова Ноад мэдэгджээ. Тэгэхэд Ноагийнхан бүр ч завгүй болсон нь лавтай. Бүх амьтны идэш тэжээлээс гадна өөрсдийнхөө хоол хүнс гээд хэрэгтэй бүхнээ зөөж оруулан эмх цэгцтэй өрж тавьжээ. Ноагийн эхнэр, гурван бэр нь хөвөгч авдрыг тохь тухтай болгохын тулд борви бохисхийлгүй ажилласан биз ээ.

21, 22. а) Ноагийн үед хүмүүс хайхрамжгүй байсанд яагаад гайхах хэрэггүй вэ? б) Хүмүүс Ноагийнхныг басамжлан доромжлохоо хэзээ больсон бэ?

21 Тэр үед хүмүүс яасан бол? Ехова Ноаг ивээн ажлыг нь бүтэмжтэй болгож байгаа нь илт байсан ч «тэд анхаараагүй» юм. Хөвөгч авдар луу цувран орж буй амьтдыг харсан ч тоогоогүй. Гэхдээ үүнд гайхах хэрэггүй. Өнөө үед ч хайхрамжгүй хүн олон байдаг. Сатаны ертөнцийн эцсийн өдрүүдэд амьдарч байгааг батлах хөдөлшгүй нотолгоо байсаар байтал тэд хайхардаггүй. Бас Бурхны сэрэмжлүүлгийг анхаардаг хүмүүсийг «басамжлан доромжлогчид гарч ирнэ» гэсэн элч Петрийн зөгнөл биелж байна (2 Петр 3:3–6-г уншина).

22 Хүмүүс Ноагийнхныг басамжлан доромжлохоо хэзээ больсон бэ? Ноа гэрийнхнийгээ болон амьтдыг хөвөгч авдарт оруулахад Ехова хаалгыг нь хаажээ. Үүнийг харсан хүмүүс доог тохуу хийхээ больсон нь лавтай. Бороо цутгахад хэлэх ч үггүй болсон биз ээ. Бороо зогсолтгүй орж Еховагийн хэлснээр дэлхий дахиныг хамарсан үер болжээ (Эх. 7:16–21).

23. а) Ехова хорон муу хүмүүсийг устгахдаа баярласан уу? б) Бат итгэлтэй Ноаг яагаад дуурайх хэрэгтэй вэ?

23 Ехова хорон муу хүмүүсийг устгахдаа баярласан уу? Яалаа гэж! (Езе. 33:11). Харин ч тэдэнд өөрчлөгдөж, зөв юм хийх боломж олгосон шүү дээ. Тэдэнд аврагдах боломж байсан уу? Еховатай «хамт явж», тушаасан бүхнийг нь дуулгавартай биелүүлбэл аврагдах боломжтойг Ноа батлан харуулжээ. Бат итгэлтэй байснаараа хүмүүсийн бузар булайг илчлэн «ертөнцийг буруутгасан» юм. Тэрээр итгэлтэй байсныхаа ачаар өөрийгөө ч, гэрийнхнийгээ ч аварсан. Та бас итгэлийн сайхан жишээ болсон Ноаг дуурайвал өөрийгөө төдийгүй хайртай хүмүүсээ аварна. Бас Ехова Бурхантайгаа үүрд мөнх «хамт явж», анд найз нь байна!

^ д/м 7 Хүмүүс тэр үед их урт насалдаг байв. Харин Адам Ева хоёроос хойш аажмаар төгс бус болсон тул богино насалдаг болжээ.

^ д/м 15 Ламех хүүдээ Ноа гэсэн нэр өгчээ. Энэ нь «амралт» юм уу «тайвшрал» гэсэн утгатай байж болох юм. Бурхны хараасан газар шороог хагалах хүнд хүчир ажлаас Ноа хүн төрөлхтнийг «амраана» гэж Ламех зөгнөжээ (Эх. 5:28, 29). Ламех энэ зөгнөл биелэхийг үзэлгүй нас барсан. Ноагийн ээж, ах дүү нар усан галаваар устгагдсан бололтой.