Skip to content

Гарчиг руу орох

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

«Таны явах газар уруу би явна»

«Таны явах газар уруу би явна»

1, 2. а) Рут Наоми хоёрын аян зам, сэтгэл санаа ямар байсан бэ? б) Рутийн аялал Наомийнхаас юугаараа ялгаатай байсан бэ?

РУТ Наоми хоёр нүд алдам Моабын цэлгэр талд хоёулхнаа алхана. Хүйтэн салхи үлээнэ. Нар шингэх дөхсөн тул Рут хонох газар олъё гэсэн янзтай хадам ээж рүүгээ харна. Тэрээр Наомиг хайр халамжаар дутаахгүйн тулд чадах бүхнээ хийнэ.

2 Рут Наоми хоёр сэтгэлийн зовуурьтай яваа ажээ. Наоми хэдэн жилийн өмнө бэлэвсэрчээ. Гэтэл саяхан хоёр хүү Хилион Махлон нь нас барав. Рут Махлоны эхнэр байжээ. Тиймээс Рут ч бас ханиасаа хагацахын гашуун зовлон үзсэн юм. Рут Наоми хоёр Израйлын Бетлехем хотыг зорьж яваа билээ. Наоми төрсөн нутаг руугаа яарна. Харин Рут төрөл садан, зан заншил, бурхдаа орхин, таньж мэдэхгүй газар луу явж байгаа нь энэ (Рут 1:3–6-г уншина).

3. Бат итгэлтэй Рутийг дуурайхын тулд ямар асуултын хариуг мэдэж авах хэрэгтэй вэ?

3 Рут яагаад ийм шийдэмгий алхам хийх болсон бэ? Шинэ нутагт идээшин дасаж, хадам ээжийгээ асарч халамжлах амаргүй давааг яаж давах бол? Эдгээр асуултын хариуг мэдэж авч, бат итгэлтэй моаб эмэгтэй Рутийн жишээнээс суралцъя (« Эрдэнэстэй зүйрлэм бяцхан ном» гэсэн хавсралтыг үзээрэй). Эхлээд Рут Наоми хоёр Бетлехем рүү яагаад явах болсныг үзье.

Хагацал зовлон үзсэн нь

4, 5. а) Елимелехийн гэр бүл яагаад Моаб руу нүүсэн бэ? б) Наомийн хувьд Моабт амьдрах нь яагаад амаргүй байсан бэ?

4 Рут Моабт төрж өсжээ. Сөнөсөн тэнгисийн зүүнтээд орших энэ жижигхэн улс өндөрлөг газар оршдог бөгөөд ой мод багатай, тал газар, гүн хавцал ихтэй. Израйлд өлсгөлөн болж байхад ч «Моабын нутаг» арвин ургац өгдөг байжээ. Рут нөхөртэйгөө, хадмуудтайгаа танилцсан нь ийм учиртай (Рут 1:1).

5 Израйл өлсгөлөнд нэрвэгдсэн тул Наомийн нөхөр Елимелех гэр бүлээ аваад нутгаасаа явж Моабт амьдрахаар шийджээ. Энэ нүүдэл тэдний итгэлийг сорьсон хэрэг байлаа. Яагаад гэвэл израйлчууд Еховагийн зааж өгсөн ариун газар тогтмол цуглах ёстой байв (Д.хууль 16:16, 17). Наоми Моабт байхдаа ч бат итгэлтэй байжээ. Гэлээ ч бэлэвсрээд ихэд гашууджээ (Рут 1:2, 3).

6, 7. а) Хөвгүүд нь моаб эмэгтэйчүүдтэй гэрлэхэд Наоми яагаад шаналсан байж болох вэ? б) Наоми бэрүүддээ хэрхэн хандсан бэ? Энэ нь яагаад дуурайвал зохих жишээ болдог вэ?

6 Хөвгүүд нь моаб эмэгтэйчүүдтэй гэрлэхэд Наоми шаналсан биз ээ (Рут 1:4). Өвөг эцэг Абрахам нь хүү Исаактаа Еховаг шүтдэг эхнэр олуулахын тулд ямар их хичээл зүтгэл гаргалаа даа (Эх. 24:3, 4). Тэгээд ч Мосегийн хуулийн дагуу израйлчууд хүүхдүүдээ харь үндэстнүүдтэй гэрлүүлэх ёсгүй байв. Энэ нь хуурамч бурхдыг шүтэх аюулаас сэрэмжилсэн хэрэг байв (Д.хууль 7:3, 4).

7 Гэсэн ч Хилион Махлон хоёр моаб эхнэр авчээ. Наомийн сэтгэл гонсойж, санаа зовж байсан ч бэрүүдээ чин сэтгэлээсээ хайрлаж, сайн хандахыг хичээсэн бололтой. Тэднийгээ нэгэн өдөр Еховагийн үйлчлэгч болно гэж найдсан биз ээ. Ямар ч байсан, хоёр бэр нь хадам ээждээ хайртай болжээ. Бие биетэйгээ дотно болсны үрээр зовлон бэрхшээлийг хамтдаа сөрөн зогсжээ. Рут Орпа хоёр, үрийн зулай үнэрлэлгүй бэлэвсрэв (Рут 1:5).

8. Рут Еховагийн юунд татагдсан байж болох вэ?

8 Рутийг бэлэвсрэхэд моабын бурхад тайвшруулсан уу? Үгүй л болов уу. Моабчууд олон бурхантай, гол бурхан нь Хемош байлаа (Тоол. 21:29). Хүүхдээр тахил өргөх гэх мэтийн тухайн үед түгээмэл байсан харгис хэрцгий зан үйлийг моабчууд үйлддэг байсан бололтой. Рут Израйлын Бурхан Еховагийн тухай нөхрөөсөө эсвэл хадам ээжээсээ мэдсэн. Багаасаа шүтэж ирсэн бурхдаас нь эрс ялгаатай байлаа. Айлган сүрдүүлж биш, хайрын сэтгэлээр захирдаг, өрөвч энэрэнгүй Бурхан гэдгийг нь ойлгосон (Дэд хууль 6:5-ыг уншина). Рут зовж шаналж байхдаа Наомитай бүр ч дотно болсон биз ээ. Наомиг Төгс хүчит Ехова Бурхныхаа тухай, гайхамшигт үйлсийнх нь тухай, ард түмнээ хайрлаж энэрдэг тухай ярихад нь дуртайяа сонсдог байсан байх.

Рут шаналж гашуудаж байхдаа Наомитай бүр ч дотно болсон

9-11. а) Наоми Рут Орпа гурав яахаар шийдсэн бэ? б) Тэдэнд тохиолдсон явдлаас юу ойлгож болох вэ?

9 Наоми нутагтаа юу болж байгааг сонирхон сураг чимээ хүлээн сууна. Израйлд өнтэй сайхан цаг ирснийг нэгэн өдөр худалдаачнаас дуулсан бололтой. Ехова ард түмэндээ санаа тавьжээ. Ийнхүү Бетлехем хот нэрэндээ тохирсон газар болов. Бетлехем гэдэг нь «Талхны өргөө» гэсэн утгатай ажээ. Наоми нутаг буцахаар шийдлээ (Рут 1:6).

10 Рут Орпа хоёр яах бол? (Рут 1:7). Тэд зовлон нэгт хадам ээжтэйгээ улам дотно болсон байв. Рут Наомийн сайхан сэтгэл, гуйвшгүй бат итгэлд нь татагджээ. Хоёр бэр нь хадам ээжтэйгээ Иуда руу явахаар замд гарлаа.

11 Рутэд тохиолдсон явдлыг бодвол гай гамшиг, хагацал зовлон хэнийг ч тойрдоггүй байх нь ээ (Ном. 9:2, 11). Бас дотнын хүнээсээ хагацсанаас болж тэвчээр барагдсан үед бусдаас тусламж авах хэрэгтэй. Ялангуяа Ноамийн шүтдэг байсан Ехова Бурхныг хоргодох газраа болгодог хүмүүст хандах нь зүйтэй (Сур. 17:17).

Рут үнэнч хайр илэрхийлсэн нь

12, 13. Наоми яагаад бэрүүдээ дагуулж явахыг хүсээгүй вэ? Хоёр бэр нь яасан бэ?

12 Замд явж байтал Наомийн сэтгэлийг нэг зүйл зовоож эхлэв. Дэргэд нь яваа хоёр бүсгүй өөрийг нь, хөвгүүдийг нь хэчнээн их хайрласныг бодлоо. Тэдний зовлонг нимгэлэх нь битгий хэл, нэрмээс болох вий гэж шаналж байлаа. Бетлехемд очоод тэднийгээ сайхан амьдруулж чадна гэж үү?

13 Наоми хоёр бэрдээ «Явцгаа. Та хоёр өөр өөрийнхөө эхийн гэрт буцагтун. Та нар нас барагсдад хийгээд надад хандсаны чинь адил ЭЗЭН та нарт энэрэнгүй хандах болтугай!» гэлээ. Түүнчлэн Ехова тэднийг ивээж, хань ижил, үр хүүхэдтэй болгоно гэж найдаж байгаагаа хэлэв. «Тэгээд тэр тэднийг үнссэнд тэд дуугаа өндөрсгөн уйлалдав». Бусдыг боддог, сайхан сэтгэлтэй хадам ээжээсээ салах ямар хэцүү байсныг ойлгоход төвөггүй. Тэд: «Гэвч бид заавал таны ард түмэн уруу тантай хамт буцна» гэж дахин дахин хэлж байлаа (Рут 1:8–10).

14, 15. а) Орпа яахаар шийдсэн бэ? б) Наоми Рутийг юу гэж ятгасан бэ?

14 Гэхдээ хадам ээжийнхээ бодлыг өөрчлөх тийм ч амар байсангүй. Израйлд очлоо ч тэжээж тэтгэх нөхөргүй, тэдэнтэй гэрлүүлэх хөвгүүдгүй учраас тэднийг сайхан амьдруулж чадахгүйгээ Наоми бэрүүддээ учирлажээ. Бас хань ижилтэй болж, үр хүүхэд төрүүлнэ гэх ямар ч найдвар байхгүйг хэлсэн. Тэдний төлөө юу ч хийж чадахгүй тул их шаналж байгаагаа ч ний нуугүй ярьжээ. Орпа Наомийн сэтгэлийг ойлгов. Моаб руу буцвал ээж, хамаатан садан нь угтаж авах учир нутагтаа амьдрах нь Орпад хамгийн зөв юм шиг санагджээ. Тиймээс хэцүү байсан ч, Наомиг үнсээд харихаар явлаа (Рут 1:11–14).

15 Харин Рут яах бол? Наомийн үг түүнд ч хамаатай шүү дээ. «Рут түүнд наалдав» гэж Библид бий. Наоми түүнд «Харагтун, авьсан чинь өөрийн ард түмэн болон өөрийн бурхад уруугаа буцан явлаа. Бэргэнийхээ араас буц» гэлээ (Рут 1:15). Наомийн үгнээс нэг чухал зүйлийг мэдэж болно. Орпа гэр орон руугаа төдийгүй «бурхад уруугаа» буцсан. Тэрээр Хемош болон бусад бурхдаа шүтэхээр шийджээ. Тэгвэл Рут ямар шийдвэр гаргах бол?

16-18. а) Рут үнэнч хайраа яаж илэрхийлсэн бэ? б) Үнэнчээр хайрласан Рутээс бид юу сурах вэ? (36, 37-р хуудасны зургийг үзээрэй)

16 Рут Ноамийн нүд рүү харан зогсож байхдаа сэтгэл шулуудчихсан байлаа. Хадам ээжийгээ ч, Бурхныг нь ч сэтгэлийнхээ угаас хайрладаг байсан учраас ийн хэлжээ. «Таныг орхиж, таныг дагахаас буцаж эргэхийг надад бүү ятгаач. Учир нь таны явах газар уруу би явна. Таны суух газарт би ч сууна. Таны ард түмэн миний ард түмэн, таны Бурхан миний Бурхан. Таны үхэх газарт би үхнэ. Тэнд би оршуулагдана. Тиймээс хэрэв би үхлээс бусдаар танаас салбал ЭЗЭН намайг хатуу шийтгэх болтугай» (Рут 1:16, 17).

«Таны ард түмэн миний ард түмэн, таны Бурхан миний Бурхан»

17 3 000 жилийн өмнө хэлсэн Рутийн энэ үг одоо ч хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөдөг. Тэрээр үнэнч хайр хэмээх сэтгэл татам чанар илэрхийлсэн нь хэлсэн үгнээс нь тодорхой харагддаг. Рут Наомид дэндүү хайртай, чин үнэнч байсан учраас хаашаа ч явсан, дагахаар шийджээ. Үхлээс өөр юу ч тэднийг салгахгүй ажээ. «Таны ард түмэн миний ард түмэн» гэж Рутийн хэлсэн нь нутагтаа байгаа бүхнээ, ялангуяа Моабын бурхдыг орхиход бэлэн байсныг нь харуулдаг. Орпагаас ялгаатай нь, Рут Наомийн Бурхан Еховаг шүтэх чин хүсэлтэйгээ хэлсэн. *

18 Ингээд Наоми Рут хоёр Бетлехем хүрэх аян замаа үргэлжлүүллээ. Долоо хоног явж зорьсон газраа хүрсэн гэж зарим хүн үздэг. Уй гашууд автсан тэр үед бие биедээ өмөг түшиг болж явсан нь лавтай.

19. Рутийг дуурайн гэр бүл, найз нөхөд, итгэл нэгтнүүдээ хэрхэн үнэнчээр хайрлах вэ?

19 Энэ ертөнцөд сэтгэл шаналгах юм бишгүй тохиолддог. Өнөө үеийг «хэцүү цаг» гэж Библид бичсэн байдаг. Тийм учраас бид хайртай хүнээсээ хагацах зэргээр янз бүрийн зовлон үздэг (2 Тим. 3:1). Рут шиг үнэнчээр хайрлах нь хэзээ хэзээнээс илүү чухал болоод байна. Үнэнчээр хайрлана гэдэг нь хэн нэгнийг ямар ч үед орхихгүй байхыг хэлдэг. Өнөөгийн хүйтэн цэвдэг ертөнцөд бусдын төлөө сайн юм хийхэд үнэнч хайр чухал хөшүүрэг болдог. Эхнэр нөхөр, гэр бүлийнхэн, найз нөхөд, хурлын гишүүд бие биеэ үнэнчээр хайрлах учиртай (1 Ёохан 4:7, 8, 20-ийг уншина). Бусдыг тэгж хайрлаж сурвал Рутийг дуурайж байна гэсэн үг.

Рут Наоми хоёр Бетлехемд ирсэн нь

20-22. а) Наоми Моабт амьдраад хэрхэн өөрчлөгдсөн бэ? б) Наоми зовлонгийнхоо талаар ямар буруу үзэлтэй байсан бэ? (Яаков 1:13-ыг үзнэ үү).

20 Үнэнчээр хайрладаг гэж хэлэх нэг хэрэг, үйл хэргээрээ батлах өөр хэрэг. Рут Наомиг төдийгүй Ехова Бурхнаа үнэнчээр хайрладгаа үйл хэргээрээ батлах боломжтой болсон.

21 Наоми Рут хоёр явсаар Иерусалимаас өмнө зүгт 10 километр зайтай Бетлехемд ирэв. Наомиг буцаж ирснийг хэлтэй болгон ярьж хот «хөл үймээн» болжээ. Хотынхон Елимелехийн гэр бүлийг анддаггүй байсан бололтой. Эмэгтэйчүүд түүнийг ширтэж «Энэ чинь Наоми мөн үү?» гэж байлаа. Наоми Моабт амьдарч байхдаа янз бүрийн зовлон үзсэн учраас царай зүс нь нэлээд өөрчлөгдсөн биз ээ (Рут 1:19).

22 Тэрээр хамаатан садан, айл хөршийнхөндөө юу үзэж туулснаа ярьж өгөв. Тэрээр «миний тааламж» гэсэн утгатай Наоми гэдэг нэрээ «гашуун» гэсэн утгатай Мара гэдэг нэрээр солихыг хүсжээ. Ехова Бурхан өөрийг нь шийтгэж байгаа учраас зовлон туулж байна гэж Наоми бодсон. Хэдэн зууны тэртээд амьдарч байсан Иовд ч бас ийм бодол төрж байжээ (Рут 1:20, 21; Иов 2:10; 13:24–26).

23. Рут юуны талаар боддог болсон бэ? Ядууст зориулсан ямар заалт Мосегийн хуульд байсан бэ? (Зүүлт үзнэ үү).

23 Рут Бетлехемд ирснээсээ хойш өөрийгөө болон хадам ээжийгээ яаж тэжээхээ бодох болов. Ехова ард түмэндээ өгсөн хуульдаа ядуусыг хайрлаж энэрэх талаар юу гэж заасныг мэдэж авчээ. Хуульд зааснаар ядуус ургацын талбайд очин тариа хадагчдын араас явж, хаягдсан түрүүг түүх эсвэл талбайн «өнцөг булангуудад» ургасан тариаг хураах эрхтэй ажээ * (Лев. 19:9, 10; Д.хууль 24:19–21).

24, 25. Рут Боазын талбайд санамсаргүй очоод яасан бэ? Түрүү түүх нь хэр хүнд ажил байсан бэ?

24 Израйлчууд 4 дүгээр сард арвай хураадаг байв. Рут ургацын үлдэгдлээс түүхээр талбай руу явлаа. Тэгээд Наомийн нөхөр Елимелехийн хамаатан Боаз гэдэг баян хүний талбайд санамсаргүй оччихжээ. Хуулийн дагуу хаягдсан түрүүг түүх эрхтэй байсан ч тариа хадагчдын хариуцагчаас зөвшөөрөл хүсжээ. Тэгээд зөвшөөрмөгц түүж эхлэв (Рут 1:22—2:3, 7).

25 Тариа хадагчдын араас яваа Рутийг төсөөл дөө. Тэрээр газар унасан юм уу үлдээсэн түрүүг түүж багцална. Түүнийгээ дараа нь цайруулахын тулд нэг дор бөөгнүүлнэ. Энэ бол цаг хүч барсан амаргүй ажил. Өдрийн ид халуунд бүр ч хэцүү. Гэлээ ч Рут уйгагүй ажиллаж, духныхаа хөлсийг арчих гэж л нуруугаа тэнийлгэнэ. Цай уухаар «гэр» буюу ажилчдад зориулсан сүүдрэвчинд очиж түр амсхийнэ.

Рут өөрийгөө болон Наомиг тэжээхийн тулд хар бор ажлыг гололгүй хийсэн

26, 27. Боаз ямар хүн байсан бэ? Рутэд яаж хандсан бэ?

26 Боаз бат итгэлтэй хүн учраас хөлсний ажилчин, харь үндэстэн гээд бүх хүнтэй «[Ехова] таныг ивээх болтугай» гэж мэндэлдэг байв. Ажилчид нь ч түүнд энэ үгийг хэлж мэндэлдэг байжээ. Боазын хараанд өртөнө гэж Рут бодоо ч үгүй явсан биз ээ. Гэтэл Боаз Рутийг ажиглаад тариа хадагчдын хариуцагчаас түүний талаар асуув. Еховаг хайрладаг, нас ахиж яваа тэрээр Рутийг охин шигээ санаж халамжилжээ (Рут 2:4–7).

27 Рутийг «охин минь» гэж хэлээд талбайд нь ажиллахыг захилаа. Тэнд ажиллаж буй эрчүүд түүнд муу юм хийчих вий гэж болгоомжлон шивэгчидтэй нь ойр байхыг зөвлөв. Бас идэж уух юмаар хангажээ (Рут 2:8, 9, 14-ийг уншина). Хамгийн гол нь магтаж, урам зориг өгчээ. Яаж?

28, 29. а) Рутийн талаар хүмүүс юу гэж ярьдаг байсан бэ? б) Та Рутийг дуурайн Еховагийн «далавчин дор» яаж хоргодохоор шийдсэн бэ?

28 Рут: «Би харь хүн атал яагаад таны тааллыг олж, та намайг анзаарна вэ?» гэж Боазаас асуудаг. Хадам эхийнхээ төлөө хийсэн бүхнийг нь сонссоноо Боаз хэлэв. Наоми хайртай бэрээ Бетлехемийн эмэгтэйчүүдэд магтаж ярьсан биз ээ. Энэ нь Боазын чихэнд ч хүрчээ. Бас Еховаг шүтдэг болсныг нь Боаз сонссон учраас «ЭЗЭН чиний ажлыг шагнах болтугай. Израилийн Бурхан ЭЗЭНээс ирэх шагнал нь дүүрэн байх болтугай! Түүний далавчин дор чи хоргодох газар хайн иржээ» гэж Рутэд хэлэв (Рут 2:12).

29 Үүнийг сонсоод Рут хэчнээн их урамшсан бол оо! Дэгдээхий эхийнхээ хажууд байхдаа аюулгүй байдаг шиг Рут Ехова Бурхныхаа «далавчин дор» хоргодохоор шийджээ. Рут сэтгэл тайвшруулам үг хэлсэн Боазд талархав. Тэгээд хаягдсан түрүүг үдэш болтол түүлээ (Рут 2:13, 17).

30, 31. Ажилч хичээнгүй, талархах сэтгэлтэй, чин үнэнч Рутийг бид яаж дуурайх вэ?

30 Рут итгэлээ үйл хэргээрээ харуулсан. Хаа сайгүй санхүүгийн хямрал болж байгаа өнөө үед энэ нь бид бүгдэд дуурайвал зохих жишээ юм. Хүмүүс надад туслах ёстой гэж Рут бодолгүй, харин өөрт нь сайхан сэтгэл гаргах бүрд баярлаж талархдаг байжээ. Хайртай хүнийхээ төлөө хар бор ажлыг гололгүй хийж, борви бохисхийлгүй ажилладаг байсан. Хэнтэй, хаана ажиллавал аюулгүй байх талаар зөвлөхөд дуртайяа хүлээн авч, дагасан. Хамгийн гол нь, Ехова Бурхан л өөрийг нь жинхэнэ ёсоор хамгаална гэдгийг үргэлж санадаг байв.

31 Рутийн адилаар бусдыг үнэнчээр хайрлацгаая! Даруу, ажилсаг байж, Еховаг мэддэг болсондоо талархаж явцгаая! Ингэдэг бол бид ч бусдад итгэлийн жишээ болж чадна. Ехова, Рут Наоми хоёрт яаж тусалсан бэ? Дараагийн бүлгээс мэдэж авцгаая.

^ д/м 17 Рут харь үндэстэн учраас Еховагийн тухай ярихдаа «Бурхан» гэдэг цолоор нь хэлж болох л байсан. Гэхдээ Ехова гэдэг нэрээр нь дуудсан. Нэгэн номонд «Тийм учраас энэ харь хүн бол жинхэнэ Бурхны үйлчлэгч гэж “Рут” номыг бичигч онцолсон» хэмээжээ («The Interpreter’s Bible»).

^ д/м 23 Ийм онцгой хууль Рутийн нутагт байсангүй. Эрт цагт Ойрх Дорнодод бэлэвсэн эмэгтэйчүүдийг дорд үздэг байжээ. Нэгэн номонд бичсэнээр «Бэлэвсэн эмэгтэй ихэвчлэн хөвгүүдээ барааддаг байв. Хүүгүй бол шивэгчин юм уу янхан болох эсвэл үхэхээс өөр аргагүй байсан бололтой» гэжээ.